Тоймч Б.Дашзэвэгийн "Радио телевизийн эфирт 50 жил" цэнгүүн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-12 16:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, олон улсын тоймч, доктор Б.Дашзэвэгийн “Радио телевизийн эфирт 50 жил” хэмээх уран бүтээлийн цэнгүүн өнөөдөр "Bluemon" галерейд боллоо.

Тэрбээр энэ үеэр “Би олон улсын сэтгүүлч” үзэсгэлэн болон “Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” номын баярыг хамтатган тэмдэглэсэн юм.

Тэрбээр “1970, 1980-иад онд БНМАУ буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улс, МРТУХ буюу Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороо, МРТУХ-той бүхий л ажил үйлс, хувь заяагаа холбосон миний бие туйлын азтай. МОНЦАМЭ, Монголын радио телевизээр 40 гаруй жил овоглон ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан ч, одоо мөн л радио, телевизийн салбарт ажилласаар байна. Би радио, телевизээр дуу хоолойгоо хүргэснээс хойш 50 жил өнгөрчээ. Миний дуу хоолой хүмүүст хоногшин үлдсэн бол, ярьсан зүйлийг маань хүмүүс сонирхсон бол надад том баяр юм. Би ажил, амьдрал, алдрын гараагаа Радио телевизээс эхэлж байлаа. Өнөөдөр миний уран бүтээлийн оргил үеийг энэхүү үзэсгэлэн, номын баяраас харж болох юм" гэв.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар баяр хүргэв. Тэрбээр "Бидний үеийнхэн Дашзэвэг ахын бүтээгдэхүүнүүд. Би багаасаа түүнийг даган дууриахыг хичээдэг, оролддог байсан. Залуус бид таны заасан сургасныг өндөрт өргөж хичээж зүтгэж явна. Монголын улстөрчдийг Дашзэвэг ах хүмүүжүүлсэн гэж боддог. Залуу хүний буурьтай нь, настай хүний сэргэлэн нь дээр гэдгийг монгол түмэнд ойлгуулж яваа танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэв.

Тэрбээр сэтгүүл зүй, уран зохиолын бүхий л төрлөөр 10 гаруй ном, олон түмний мэддэг 20 орчим нийтийн дуу, электро хөгжмийн 6 дуу, кино, орчуулгын 10 орчим бүтээл, уран сайхны болон баримтат 10 гаруй кино бүтээж олны хүртээл болгожээ. 

“Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” номдоо тэрбээр, “Тоймч гэдэг үг одоо ч намайг дагаж явна. Одоо ч намайг тоймч Дашзэвэг гэдэг. Ажилд орсон анхны өрөө минь МОНЦАМЭ-гийн Гадаадад мэдээлэх редакци. Тэр үед орос, англи, франц хэлээр мэдээ, тойм өдөр бүр бэлтгэж, гадаадын зарим мэдээллийн агентлагуудад телетайпаар илгээдэг байлаа. Телетайп гэж алсаас дамжуулсан үг үсэг хөврөн байгааг харан зогсохдоо жинхэнэ аз жаргалтай байдагсан. Хорвоогийн үйл явдлыг энд тэндээс мэдээлнэ, би хорвоотой хоромхон зуур зогсоод танилцах мэт сайхаан. Одоогоор бол интернэтээр мэдээ авч байгаа гэсэн үг” хэмээжээ. Тэрбээр энэ ном бол хүмүүсийг санагалзсан дурсамж тэмдэглэл гэдгийг тодотгож байв.

Энэ үеэр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ахмадын хорооны дарга Б.Зоригт түүнд МОНЦАМЭ цувралын дээжээс гардуулсан юм.

“Би олон улсын сэтгүүлч” үзэсгэлэнд түүний сэтгүүлчийн үнэмлэх, мандат, аппарат хэрэгсэл, телевизийн хальс, бүтээлүүд CD, DVD, ном зохиол, одон медаль, бэлэг дурсгал, өргөмжлөл шагнал, гэрэл зураг, гадаад дотоодод явсан аян замын тэмдэглэл, уран бүтээлийн бие даасан тоглолт, цэнгүүний урилга заллага, зурагт хуудас, реклам зэргийг дэлгэн үзүүлсэн нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татаж байв.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат багш Ц.Гүррагчаа, А.Дүгэр, хөгжмийн зохиолч Г.Насанбуян, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, Б.Баатаржав, нэрт эрдэмтэн академич Ц.Содномцэрэн нарын салбар салбартаа манлайлагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Энэхүү үйл ажиллагаа "Dzman-тэй цэнгэн хөгжилдөе” цэнгүүнээр өндөрлөсөн юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Холбоотой мэдээ