Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэдэг “Шууданч, холбоочдын өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын сүүлийн ням гарагт “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр” болгон тэмдэглэж байхаар Засгийн газрын хуралдаанаас журамд өөрчлөлт орууллаа.
Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан тушаалтан тэргүүлж ажиллах юм.
Орон тооны бус дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа нийтийн тээвэр, зам, орон сууц, барилга, байгууламжийн хүртээмж, хэрэгцээ, тэдний шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах үүрэгтэй. Мөн иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, соёл, урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, урлаг, соёлын бүтээл хүртээмжтэй байх зэргийг боловсронгуй болгоход чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох юм.
Дэд зөвлөлүүд салбарынхаа сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах чиг үүрэгтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгажээ.
Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх журмыг баталлаа
“Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг энэ зургадугаар сараас дагаж мөрдөх юм. Журамд зааснаар байгууллага бүр албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын программ болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, мөн нууцлал хамгаалалтын шаардлага хангасан сүлжээг ашиглана. Тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй ижил үйлчлэлтэй байх юм.
Журмыг дагаж мөрдсөнөөр цахим баримт бичиг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, албан тушаалтанд хандсан цахим өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэх, мэдээ тайлан гаргах, цахим баримт бичигтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдал болон оролцогч талуудын үүрэг, хариуцлага илүү тодорхой болно гэж Засгийн газар үзлээ.