“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/.“Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангаж, импортын эрчим хүчийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийн нэгжийг татан буулгахаар боллоо.
Усан цахилгаан станцын төсөл нь манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цэвэр усны нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой. Шинээр байгуулах компани нь энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл, газар эзэмшихтэй холбоотой гэрчилгээнүүдийг эзэмшиж, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулах эрхтэй бөгөөд станц баригдаж дууссаны дараа ажлыг нь бүрэн хариуцах юм.
Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төлбөрийг концесс эзэмшигчийн татвараас суутгана
Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийн концессын гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.
Замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 162,869,202,818.00 /163 орчим тэрбум/ төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр концесс эзэмшигчийн улсад төлөх татвараас суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгалаа.
Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг “Шинжиан шинфа” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрөв. Төсөлд зарцуулах 67,907,000.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тогтлоо.
Гаалийн татвартай холбоотой төслүүдийг УИХ-д өргөн барина
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2008 онд батлагдсан. Хуулийн дагуу импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.
Энэ нь уналтад орсон, зардал өндөртэй газар тариалангийн салбарыг сэргээж, тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах томоохон дэмжлэг болжээ. Иймээс гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн аргаар дэмжинэ гэж заасан юм.
Одоогоор үр тарианы шинэчлэл 65 хувьтай байгаа бөгөөд төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар хийдэг. Мөн бордоо, ургамал хамгааллын бодисыг ихэвчлэн импортоор авч байна.