Бичигт хөшөө олдсон нь судалгаанд чухал ач холбогдолтой болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-12 14:39:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд Хятаны үед холбогдох шүдний ясан сойз, загасны яс, хясаа зэрэг сонирхолтой үзмэрийг өнөөдөр Монголын Үндэсний музейд дэлгэлээ.

“Эртний хот суурины соёл” хэмээх эл үзэсгэлэнд монгол орны нутаг дэвсгэрээс олдсон Хүннүгээс Хятаны үед холбогдох археологийн олдворуудаас дээжлэн 200 орчимыг толилуулж буй юм.

Тус судалгааны анги өнгөрсөн 15 жилийн хугацаанд Булган аймгийн нутагт Чинтолгой, Эмгэнтийн хэрэм, Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хэрмэн дэнж, Шороон бумбагар, Мөнгөнморьт сумын Тэрэлжийн дөрвөлжин зэрэг газарт ажиллаж, урьд нь илэрч олдож байгаагүй шинэ содон олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлж түүхийн судалгааг баяжуулснаа ийнхүү олон нийтэд толилуулж байна.

Үзэсгэлэнд нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворууд, Хятаны үед холбогдох шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж байсан үр тариа, Заамарын бунхант булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө ясан сойз, ваар савны хагархай, барилгын материал, дайн байлдааны хэрэгсэл хутга, сумны зэв зэрэг олдвор дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.

Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улсууд хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт болж буйг судлаачид онцолж байна.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал Д.Пүрэвжав хэлэхдээ, “Судлаачдын баг монголын нутагт дэвсгэрт байсан эртний монголчуудын хотуудын сүлжээг судлах ажлыг 15 жилийн өмнөөс эхлүүлсэн. Судалгааны үр дүнд Төв Азийн нутагт амьдарч байсан монголчууд нүүдлийн хосгүй иргэншлийг цогцлоож хөгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн засаглалын төвлөрөл бий болсон. Тухайлбал, соёл, боловсрол, технологи, мэдлэг, захиргааны төв болсон олон тооны хотыг байгуулж байсан. Эдгээр хот нь цэргийн, бүс нутгийг хамарсан худалдаа арилжааны, нүүдэлчдийн шашин шүтлэгийн томоохон төв байжээ гэдгийг илрүүлсэнд хамтарсан судалгааны ач холбогдол оршиж байна” хэмээн тодотгов.

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн доктор, профессор Л.Эрдэнэболд: Нүүдэлчдийг өвс, усны аяыг дагаж нүүдэллэж явдаг байсан гэж урд өмнө ярьж, бичсээр ирсэн. Гэтэл нүүдэлчид Хүннүгийн үеэс эхлэн суурин амьдралын ул мөрийг тодорхой хэмжээгээр мэддэг, бүтээдэг, амьдардаг байсныг сүүлийн жилүүдийн судалгаа харуулж байна. Үүнд монгол гаралтай киданчуудын хувьд нэлээд онцлогтой.  Киданчууд X зууны үед томоохон эзэнт гүрнийг байгуулан өнөөгийн монголын нутаг дэвсгэрт байсан улс гүрнийг дарангуйлахаар олон тооны цэрэг, тэдний хоол хүнсийг бэлтгэх зорилготой тариачид, энгийн иргэдийг илгээдэг байсан гэж сурвалжид гардаг. Энэ мэдээ баримт энэхүү судалгаагаар батлагдаж байна. Хамтарсан судалгаагаар зөвхөн нүүдэлчдийн соёлын төдийгүй хөрш зэргэлдээ бохайчууд, зүрчид, хятадын соёлын барилга байгууламж, ваар сав хийх уламжлал давхар илэрч байгаа нь бидний сонирхлыг татаж байна.

Хамтарсан судалгааны анги 2009 онд Төв аймгийн Заамар сумын Шороон бумбагар хэмээх газраас хөрсөн доор нууцалсан VII зууны үед холбогдох эртний уйгарын язгууртны бунхант булшийг нээн олжээ. 678 онд байгуулсан энэхүү бунханаас талийгаачид зориулсан тахилга тайлгын эд зүйлс, гоёл чимэглэл, модоор хийсэн зүйлс зэрэг маш олон тооны ховор нандин олдвор олдсон байна. Мөн тухайн нас барсан хүний нэр, нас барсан он, ямар гавьяа шагнал байгуулсан зэргийг тоочсон бичээс бүхий гэрэлт хөшөө олдсоноороо чухал ач холбогдолтойд тооцогдож байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд хамтарсан төслийн гишүүд болох ОХУ-ын ШУА-ийн Сибирийн болон Алс Дорондын салбар, Иркутск, Чита, Кемерова, Влавивосток, Улан-Үдэ хотын их сургуулийн 10 гаруй эрдэмтэн, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчийн сайд Азизов Искандер Кубариович, БСШУСЯ-ны дэд сайдын зөвлөх Ж.Цолмон, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ