Ахмад дайчинд нэг өрөө байрны түлхүүр гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-11 20:03:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас ахмад дайчин М.Цэдэндоржид нэг өрөө байр олголоо.

Байрны түлхүүрийг аймгийн Засаг дарга Г.Ганболд 2017 оны 4 сарын 9-ний өдөр гардуулсан бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “М.Цэдэндорж гуай эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 40 гаруй жил хөдөлмөрлөж, улс, эх орон, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн учир орон нутгаас нэг өрөө байр олгож байна” хэмээн онцолсон юм.

Төр захиргааны ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Мөнхийн Цэдэндорж гуай нас сүүдэр 97 хүрч байгаа бөгөөд 2011 онд “Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнуулж байв.

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2017 онд зарласан “Ахмадаа дэмжих жил”-ийн ажлын хүрээнд гэр орон зайлшгүй шаардлагатай ахмадуудад гэр олгох, тэдний үр хүүхдүүдийг ажлын байраар хангахад онцгой анхаарч ажиллах бөгөөд уг зорилгын эхлэл нь энэхүү үйл ажиллагаа байлаа.  

Б.Батчимэг

Холбоотой мэдээ