Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэгийн хүүхдүүд монгол наадгайгаар тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-11 18:55:44

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэг “Үндэсний уламжлалаа дээдлэе” нэртэй сарын аяныг эхлүүлжээ.

“Үндэсний уламжлалаа дээдэлье” нэртэй өдөрлөгт 170 гаруй хүүхэд, 300 гаруй эцэг эх оролцжээ. Тус цэцэрлэг хүүхдүүддээ үндэсний хувцас, уламжлалт тоглоом наадгай, язгуур урлагийг зааж сургах, тэдний сонирхол, сэдлийг хөгжүүлэх, урамшуулахаар үндэсний уламжлалт орчныг аяны хүрээнд бүрдүүлсэн байна. Мөн хүүхдүүд цэцэрлэгтээ монгол үндэсний хувцас өмсч алаг мэлхий өрөх, шагай няслах, таалцах, морь уралдах зэрэг монгол уламжлалт тоглоомоор сарын турш наадах юм байна. Харин эцэг эхчүүдийн дунд язгуур урлаг буюу хөөмий, исгэрээ, бий биелгээ, хулсан хуур, Монгол ардын дуу, асуулт хариулт гэсэн төрлөөр тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж эхэлжээ. Энэ үеэр үндэсний хувцасаараа ижилсэн гоёсон гэр бүлийг шалгаруулж урамшуулсан байна. Энэхүү аяныг сарын хугацаатайгаар зохион байгуулж, бүлгүүд жил бүр ээлжлэн зохион байгуулахаар болжээ. Манай цэцэрлэг нь Улиастай сумын ууган цэцэрлэгүүдийн нэг. Монгол гэрт 71 жил үйл ажиллагаа явуулж өнгөрсөн онд шинэ байртай болсон. Бид багтаамж сайтай, тав тухтай орчинд олон үр дүнтэй ажил зохион байгуулж байгаа.  Энэ удаагийн сарын аянаар хүүхдүүддээ багаас нь үндэсний өв соёлыг танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх эцэг эх, багш нар хамтран хүмүүжүүлэх, урам өгөх зорилготой юм хэмээн цэцэрлэгийн эрхлэгч мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ