Хятаны үеийн сонирхолтой үзмэрүүд олны хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-11 10:34:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хүннүгээс Хятаны үед холбогдох археологийн олдворуудаас дээжлэн толилуулах “Эртний хот суурины соёл” тусгай үзэсгэлэнгийн нээлт маргааш Монголын Үндэсний музейд болно.

Үзэсгэлэнд монгол орны нутаг дэвсгэрээс олдсон Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийсэн нийт 200 орчим үзмэрийг толилуулах юм.

Тухайлбал, Нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворууд, Хятаны үед холбогдох шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж асан үр тариа, Заамарын бунхант булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө зэргийг дурдаж болно.

Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улсууд хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт болж байгаа юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ