Б.Чойжилсүрэн: Төсвийн тодотгол бол ОУВС-тай тохирсон нөхцлийн нэг хэсэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-07 18:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “ОУВС-тай хийсэн хэлэлцээрээр төсөвт заавал тодотгол хийнэ гэж албан ёсоор тохирсон юм уу. Төсвийн хүрээний мэдэгдэлд туссан үзүүлэлтүүдээ муутгах шаардлага байна уу" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “ОУВС-тай хөтөлбөрийн нөхцлөө тохирсон. Үүндээ урьдчилсан гурван нөхцөл авсаны нэг нь төсвийн тодотгол юм. Төсвийн тэнцлээ муутгасан зүйл байхгүй. ОУВС манайх хоёрын хооронд аргачлалын багахан ялгаа гараад байгаа юм" хэмээн хариулсан.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байна. Бид тэгэхээр 9 үзүүлэлт тойрсон яриа ярих ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэлд орж ирж байгаа тоонуудад нухацтай хандах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Эдийн засгийн хямралтай үед улс орнууд иргэдэд нөлөөлдөг гол салбаруудаа хамгаалдаг. Тиймээс төсвийн тодотгол дээр ард иргэдэд чиглэсэн бодлогыг барьж ажиллах хэрэгтэй. Тухайлбал, хадгаламжийн хүүд босго тогтоон, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тал дээр өнөөгийн хуулиа баталгаажуулахад хэрэгтэй. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа асуудлыг дэмжихгүй" хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Хагас жилийн өмнө 2017 оны төсвөө баталсан. Зургаан сарын өмнө орж ирж байсан үзүүлэлтүүд бүгд унаж орж ирсэн байна. Зургаан сарын өмнөхийг Засгийн газар олж харж чадаагүйд бухимдаж байна. Оруулж ирж байгаа хуулиудаа эргэж харах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Чингис бонд хэдийгээр сайн зээл байсан ч тэрхүү зээлээ оруулах бэлэн төсөл байгаагүй. Одоо авах зээлүүдийг хөгжлийн бодлогын хүрээнд нэн шаардлагатай салбарт оруулах хэрэгтэй. Түүнчлэн Улаанбаатар хот дотор яам, тамгын газрынхан том машин унах хэрэг байна уу. Дараагийн хэлэлцүүлгээр хичнээн том машин яам, тамгын газарт байгаа талаар мэдээлэл өгөөрэй. Бид шүүмжлэх биш, энэ эгзэгтэй үед төрд хэрэггүй эд хөрөнгө, илүү ажил хөтөлбөрийг цэгцэлж авахад анхаарах нь оновчтой" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “ОУВС-д хамрагдах эсэхийг гадны хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй" гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эдийн засгийн үзүүлэлтээ бодитоор тооцох хэрэгтэй. Тухайлбал, зардлаа бодитоор бууруулах нь зүйтэй. Тэтгэврийн нас нэмэх асуудал дээр иргэдэд сонголтыг нь өгөх хэрэгтэй. Алтны татварыг нэмэх зөв" гэв.

УИХ-ын гишүүн Баттөмөр, “Төсвийн алдагдлыг 10,6 хувиар, эдийн засгийн өсөлтийг -0,2 хувиар тооцоолж болохгүй. Орлогыг нэмэгдүүлэх тал дээр маш их боломж бий" гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Эдийн засгийн өсөлтийг яагаад хасах дээр тооцдог юм бэ. Тавантолгойгоо хөдөлгө. Төрийн банкыг яагаад хувьчлахгүй гэж. Эдийн засгийн өсөлт гарна. Гэхдээ хий тоо тавьж ажиллахгүй шүү. Сонгогчид бидэнд ажил хий гэж 65 суудал өгсөн. Хариуцлага бат гэдэг зүйл алга болж байна. Төсвийн байнгын хороон дээр концесс 3 гэрээ байна гэсэн. Гэтэл сүүлдээ 7 концессын гэрээ байгуулсан гэж хэлсэн. Тиймээс төсвөөс гадуурх концессыг цуцлах хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийллээ.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ