Харрисон Фордыг шийтгэхгүй байхаар шийдвэрлэжээ

Дэлхийд | Соёл урлаг
bars@montsame.mn
2017-04-06 14:46:11

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Холбооны нисэх хүчний удирдах газар /ХНХУГ/ жүжигчин Харрисон Форд нисэх онгоцны осолд орох шахсан хэргийн мөрдөн байцаалтыг явуулж дуусгажээ. Харин өөрийн болгоомжгүй хэнэггүй байдлын төлөө нэрт жүжигчин тэрбээр шийтгүүлэхгүй аж. Энэ тухай даваа гарагт түүний өмгөөлөгч Стивен Хофер мэдээлжээ.

"Ноён Форд нисэх онгоц жолоодох эрх авснаас хойш 20 гаруй жил өнгөрч байгаа. Тэрбээр 5 мянга гаруй цагийн нислэг хийсэн ба дээрх байгууллагын зүгээс нэг ч удаа захиргааны болон бусад төрлийн шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй” гэж  өмгөөлөгч хэлснийг CNN телевиз иш татлаа.

Хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэдгийг ХНХУГ нотолсон хэдий ч тодорхой тайлбар өгөхөөс татгалзжээ. “Бүтэлгүйтэл эсвэл зүгээр л алдаа гаргасан шалтгаанаар  нислэгийн чиглэлээсээ хазайсан тохиолдолд бид гол төлөв зөвлөгөө өгөх эсвэл нэмэлт сургалт явуулах зэрэг арга хэмжээ авдаг” гэж дээрх газрын албаны хүмүүс ярьсан байна. 

Сануулан дурдахад, хэрэг явдал 2 дугаар сарын 13-нд Лос-Анжелесээс холгүй орших Жон Уэйний нэрэмжит нисэх онгоцны буудалд болжээ. Нэг хөдөлгүүрт Aviat Husky онгоцыг жолоодож явсан Форд диспетчерээс 20L зурваст буух заавар авсан хэдий ч алдаа гарган туслах зам дээр буухаар доошилж, Америкийн American Airlines компанийн 110 зорчигч тээвэрлэж явсан “Boeing 737” онгоцны дээгүүр нисэн гарчээ. Энэ ноцтой хэрэг явдлын улмаас ямар нэгэн хохирол учраагүй ба Боинг онгоц хэдхэн минутын дараагаар Техас муж улсын Даллас хот руу ниссэн байна.

Дүрс бичлэгийг үзсэн жүжигчин өөрийн алдаагаа тэр даруйд нь ухаарчээ. “Туслах зам дээр буудаг тэр тэнэг чинь би байна” хэмээн тэрбээр диспетчерт хэлжээ. Х.Форд дуулиан дагуулсан хэрэг явдлыг тайлбарлахдаа "тухайн мөчид агаарын хуйларсан урсгал гэнэт бий болсон, мөн би өөр онгоц руу анхаарлаа хандуулсан байсан" гэжээ. Нисэх онгоцны буудлын диспетчер "энэ бол сүртэй юм биш" гэж тайвшруулан хэлсэн боловч Форд ихэд гэмшин “миний хувьд энэ чинь ноцтой зүйл” гэсэн байна.

Х.Форд үүнээс өмнө нисэх онгоц жолоодож байх үедээ нэг бус удаа аюултай нөхцөл байдалд орж байсан аж. Тухайлбал, 2015 оны 3 дугаар сард жүжигчний жолоодож явсан жижиг оврын нисэх онгоцны хөдөлгүүр нь гэнэт унтарчээ. Энэ мөчид Х.Форд гольфын талбайн зүлгэн дээр ослын буулт хийхээс аргагүй болсон ба тэрбээр олон гэмтэл бэртэл авчээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ