Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-06 13:27:33

СӨҮЛ. /CNN/. Умард Солонгосын нутаг дэвсгэрийн хаана нь ч хүрч цохилт өгч чадах баллистик пуужинг Өмнөд Солонгосын тал өнөөдөр амжилттай туршлаа.

БНХАУ-АНУ-ын удирдагчид Дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаатай холбогдуулан анхааруулга болгож Умард Солонгосын тал Япон тэнгис рүү баллистик пуужин харваснаас нэг хоногийн дараа Сөүл баллистик пуужин хөөргөн туршлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Пхеньяны цөмийн хөтөлбөр юм.

Өмнөд Солонгос нь Америкийн аюулгүй байдлын шүхэр дотор байдаг бөгөөд тус улсад АНУ-ын олон мянган цэрэг байрлаж байгаа билээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын нөлөө бүхий албаны хүний хэлснээр, тус улсад үйлдвэрлэсэн 800 км-ийн тусгалтай пуужин нь Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах аж. 

“Туршилт амжилттай болсон” гэж тэрбээр хэллээ.

Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн, 1 тонн ачаатайгаар 500 км зайг туулах чадвартай хоёр пуужинг өнгөрсөн оны зургадугаар сард амжилттай туршсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Флорида муж улс  дахь өөрийн “Мар-а-Лаго” хувийн амралтын газартаа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй анхны Дээд хэмжээний уулзалтаа хийх юм. Уулзалтын үеэр тэд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудлыг онцгойлон авч хэлэлцэх төлөвтэй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ