Самарнаас арьсч цохны авгалдай илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-05 11:16:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/  Жижиглэнгээр савлан борлуулж байсан самарнаас арьсч цохны авгалдай илэрлээ. 3-р сарын 27-ны өдөр Өлгий хотын төвд үйл ажиллага явуулдаг хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн хэрэглэгч аймгийн МХГ-т гомдол гаргаснаар уг хэрэг ил болжээ.

Гарал үүсэл нь тодорхойгүй, сав, баглаагүй, бидний хэлж заншсанаар нэг удаагийн саванд 500 граммаар савлан борлуулж байсан уг самрыг хэрэглэгч баярын ширээнд зориулж худалдан авчээ. Гэтэл уг бүтээгдэхүүн дотор шавьж байсан учир Аймгийн мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Бүтээгдэхүүнийг МХГ-ын лабороторид шинжлүүлэхэд арьсч цохны авгалдай байсныг тогтоожээ.

Уг шавьж нь агуулахын хортон бөгөөд авгалдай нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож, хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг байна. Энэ шавьж нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтад ороогүй ба өргөн тархацтай, дулаан хуурай нөхцөлд үрждэг шавжны төрөл ажээ.

Одоогоор аймгийн МХГ-аас шаардагдах арга хэмжээг авч уг бүтээгдэхүүнийг 100 хувь устгалд оруулсан ба холбогдох мэргэжилтнүүд иргэдэд гарал үүсэл, үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдахгүй, худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Б.Жасдаурен

 

Холбоотой мэдээ