Увс аймгийн 422 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-04 22:40:24

Увс /МОНЦАМЭ/ Монголын Улаан загалмайн Нийгэмлэгээс зудтай аймгийн малчдад туслах зорилгоор Олон Улсын уриалга гаргаснаар Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооны гамшгийн үеийн яаралтай сангаас 5 аймгийн 1740 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу Увс аймагт хамгийн хүнд өвөлжсөн Давст сумын 42, Түргэн, Малчин, Хяргас сумын тус бүр 40 өрхөд АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагаас /USAID/, мөн Баруунтуруун, Зүүнговь, Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай, Тариалан, Тэс, Улаангом сумдын тус бүр 25 өрх, Наранбулаг, Сагил сумдын тус бүр 30 өрхөд ОУУЗ, УХСНийгэмлэгүүдийн холбооноос тусламж үзүүлжээ. Нийтдээ аймгийн хэмжээнд 422 малчин өрхөд Хаан банкаар дамжуулан тус бүрт нь 245 мянган төгрөгийг дансаар олгох ажлыг зохион байгуулж, 103 сая 390 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж олгоод байна.

“Суманд комисс томилон ажиллуулж тусламж олгох малчин өрхүүдийг сонгосон. Өөрөөр хэлбэл, Олон Улсын Улаан Загалмайн шалгуур үзүүлэлтийг хангасан 200-гаас доош толгой малтай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, 16-аас доош настай олон хүүхэдтэй гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан тусламж олгох малчин өрхүүдийг сонгосон” хэмээн аймгийн УЗХорооны дарга Э.Дуламсүрэн мэдээллээ.

Мөн мөнгөн тусламж авсан нийт өрхүүдэд мэдээлэл, сурталчилгааг хүргэх зорилгоор МУЗН-ийн БАТЛАМЖ, малчдад шаардлагатай зөвлөмж, хуанлийн хамт хүргүүлж, 80 гаруй малчны талархал, саналыг хүлээн авсан байна. Тэрчлэн бэлэн мөнгөний тусламж хэрэгжих 14 сумаас тусламж олгох үеэр ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг Улаангом, Баруунтуруун суманд зохион байгуулж, 31 Сайн дурын идэвхтэн бэлтгэн, гэрчилгээ олгожээ. МУЗН-ийн гамшгийн багийн 3 гишүүн аймгийн УЗХороотой хамтран Давст, Сагил, Тариалан, Баруунтуруун, Улаангом сумын тусламж хүртсэн 10 гаруй малчин өрхөд хяналт үнэлгээ хийж, санал бодлыг нь сонсож, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцаад буцсан байна.

Мөн аймгийн Улаан Загалмайн Хорооны гамшгийн нөөцөөс 2017 оны эхний улиралд 17 сумын Анхан шатны хороодоор дамжуулан малчдад 9,3 сая төгрөгийн эд материалын тусламж олгоод байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ