Увсад Ардчилсан намын дотоод сонгуульд 4238 гишүүн саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-03 21:39:02

Увс /МОНЦАМЭ/. АН-ын дотоод сонгууль Увс аймагт амжилттай болж өнгөрлөө. Энэ сонгуулиар Үндэсний бодлогын хороо, Увс аймгийн АН-ын хорооны дарга, гишүүдийг сонгох болон сумдын намын хорооны дарга, гишүүдийг сонгох, Улаангом сумын 12 үүрийн дарга нарыг сонгох сонгууль болсон юм.

Үндэсний бодлогын хорооны 15 суудлын төлөө 16 хүн өрсөлдсөн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн 31, 32, 33-р тойрог дээр аймгийн АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 гишүүнийг сонгох сонгууль болсон юм. Тойрог тус бүрт оногдсон 5 мандатын гурав нь чөлөөт, нэг нь залуучуудын, нөгөө нь эмэгтэйчүүдийн квот байв. Үндэсний Бодлогын хорооны 31-р тойрогт О.Цогтгэрэл, Д.Дорлигжав, А.Баатар, Ц.Одонтунгалаг, Н.Туяа нар, 32-р тойрогт Д.Цэндсүрэн, О.Сайнбуян, Ж.Александр, Л.Банзрагч, Т.Эрдэнэбат, Д.Болорсүрэн нар, 33-р тойрогт Л.Алтангэрэл, н.Дангаасүрэн, н.Цэрэндолгор, С.Отгонбаяр, Б.Гомбосүрэн нар тус тус өрсөлдсөн. Эндээс 32-р тойрогт өрсөлдсөн Л.Банзрагч олонхийн дэмжлэг авч чадаагүй бөгөөд бусад нь Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдлоо.

Аймгийн АН-ын даргад аймгийн ИТХ-ын дарга асан Ч.Чимэд, “Хийморлог эрчүүд” группын захирал Х.Бат-Амгалан нар өрсөлдөж, 2544 хүний санал буюу 251,58 оноогоор Ч.Чимэд тэргүүлж, аймгийн АН-ын хорооны даргаар сонгогдоод байна. Ардчилсан намын дотоод сонгуулийн нэрсийн жагсаалтад Увс аймгийн 6012 намын гишүүн бүртгэгдсэнээс 4238 нь саналаа өгчээ. Тэрчлэн Увс аймгийн АН-ын хорооны гишүүд, сумдын намын хорооны гишүүд, сумын АН-ын дарга, Улаангом сумын 12 үүрийн дарга нарыг энэ сонгуулиар сонголоо.

“Сонгуулийн дүн мэдээ эцэслэж гараагүй байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил будлиангүй, шударга сонгууль боллоо” хэмээн аймгийн АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Ж.Баянцэнгэл манайд мэдээллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ