“Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл” ажиллаж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/103 дугаар захирамжийн дагуу “Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл” байгуулагдаж анхны хурлаа хийв.
Хурлаар салбар зөвлөлийн дүрмийн төслийг танилцуулж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн мэдээлэл хийлээ. Тус салбар зөвлөл нь 2017-2018 онд үндсэн зургаан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд нийт 4900 гаруй иргэнд 1,4 тэрбум төгрөгийн зээлийг олгох ажээ. Эдгээрт “Хөдөлмөр бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” зэрэг төсөл хөтөлбөрүүд оржээ.
Уг төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг иргэд харьяа багийнхаа нийгмийн ажилтан, багийн Засаг даргаас тодруулах боломжтой аж. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг нь хуваарилснаар нэг иргэн нэг л удаа хамрагдах юм байна. Энэ сарын 1-10-ний хооронд аймгийн хэмжээнд “Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа” хийгдэж дараа нь хөдөлмөр эрхлэлтийн талаарх сургалтууд явагдаж мөн сарын 20-ноос иргэд, аж ахуй нэгжээс ирсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулж санхүүжилтийг нь олгохоор төлөвлөжээ.
Б.Норовсамбуу