НҮБ-аас 30 гаруй малчин өрхөд хорголжин тэжээл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-01 15:23:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Дархан сумын хэмжээнд 800 гаруй өрхийн 70 гаруй мянган толгой мал хаваржиж байна. Хэдийгээр урин цаг наашилж хаврын сар гарсан ч мөстөж хатуурсан цас бүрэн хайлаагүй хэвээр байна.

Өвсний үзүүр цухуйж амжаагүй хоёр улирлын заагт мал хэдийн төллөж эхлэсэн. Эх болон төл мал ядарч сульддаг энэ үед НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хонин толгойд шилжүүлсэнээр 200-аас доош толгой малтай өрхийн амьжиргааны төвшнээс доогуур орлоготой 34 малчин өрхөд хорголжин тэжээл олголоо. Дээрх өрхүүдэд сар шинийн баярын өмнөхөн “Малчдад туслах аян”-ны хүрээнд 240 мянган төгрөгийн тусламжийг дансаар шилжүүлж олгосон бол харин энэ сарын эхэнд малын долооц, тэжээл, амин дэм, сүү орлуулах төлийн сүү зэрэг малд хэрэгтэй арван нэр төрлийн бүтээгдэхүүн бүхий багцийг өгсөн юм.

“Малчдад хүргүүлж буй тусламжийг эздэд нь олгох ажлыг Дархан сумын ЗДТГ, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтарч зохион байгууллаа” гэж тус сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун ярилаа.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ