Цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-01 15:21:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/ УИХ-аар “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталж энэ сарын хоёрны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсантай холбогдуулж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн уг хуулийн эх бичвэрийг хүлээн авч “Цагдаагийн шинэчилсэн тангараг” өргөх ёслол хийв.

Уг ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцлоо. Цагдаагийн газрын алба хаагчид нь гэмт хэрэгтэй тэмцэж нийтийн хэв журам хамгаалж олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсний үр дүнд алба хаагчдын эрх зүйн байдлыг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэлгэрэнгүй зохицуулалт хийхээр тусгагдсан хууль батлагдсанд нийт алба хаагчид туйлын баяртай байгаагаа хэлж байсан юм. Хуулийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: “Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс цаашид онцгой анхаарч эрх зүйн орчин, материаллаг баазыг нь бэхжүүлж ажил үйлчилгээг нь дэмжиж ажиллах болно” гэв.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ