Хорт хавдрын өвчлөлүүдийн 40 хувиас сэргийлэх боломжтой

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-03-31 15:35:42

БАЛТИМОР. /Futurism/. Хорт хавдрын 60 хувь нь ДНХ-ийн мутацийн улмаас үүсдэг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн билээ. Харин үлдсэн 40 хувиас нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон бусад орчны хүчин зүйлсийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой аж.

Бүх өвчний “хаан” болох хорт хавдар тусах нь ямар ч тохиолдолд аймшигтай боловч урьдчилан сэргийлэх боломжтой байсаар атал ийм өвчин тусвал бүр ч харамсалтай. Эрдэмтэд хорт хавдрын дунджаар 40 хувиас, тэр дундаа хамгийн ихээр үхэлд хүргэдэг уушгины хорт хавдар, арьсны хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг тогтоожээ. Оношилгоо, шинжилгээний технологи хөгжиж, хорт хавдрыг эхний шатанд нь илрүүлдэг болсон нь XXI зууны ололт юм. Гэхдээ бид хорт хавдрын урьдчилан сэргийлэх боломжтой 40 хувиас хэрхэн сэргийлж байна вэ?

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) хорт хавдрын гол шалтгаан болдог тамхины хэрэглээний талаар сэрэмжлүүлж байна. Тамхинаас улбаатай хорт хавдрын улмаас жил бүр 6 сая хүн нас бардаг бөгөөд тамхи татах, дам тамхидалт, зажилдаг тамхи зэрэг нь бүгд хорт хавдар үүсэх шалтгаан болдог аж.

Хорт хавдар үүсэх өөр нэгэн шалтгаан бол биеийн жингийн асуудал. Бөөр, хөх, улаан хоолой болон шулуун гэдэсний хорт хавдрууд нь илүүдэл жинтэй холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ. Жимс, ногоо ихээр хэрэглэж эрүүл хооллолт болон тогтмол дасгал хөдөлгөөний тусламжтайгаар биеийн жингээ хэвийн хэмжээнд барих нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх эхний алхам юм.

ДЭМБ-ын тогтоосноор, хорт хавдар үүсгэдэг гурав дахь том шалтгаан бол архи бөгөөд архины улмаас жилд 300 мянган хүн хорт хавдраар нас бардаг аж. Архи нь ам, элэг, хөх болон шулуун гэдэсний хорт хавдрыг үүсгэдэг байна. Гэхдээ энэ нь архийг хэр хэмжээгээр хэрэглэснээс шалтгаалдаг тул бага хэмжээгээр уух нь аюулгүй юм. Эдгээр шалтгаан нь хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувь бол үлдсэн 60 хувь нь юунаас болдог вэ?

Магадлалын генетик

Эмми, Алтан бөмбөрцөг зэрэг олон хүндтэй шагнал хүртсэн “Breaking Bad” цуврал кино нь дунд сургуулийн химийн багш уушгины хорт хавдартай гэсэн онош сонссоноор эхэлдэг. Өмнө нь тамхи татаж байгаагүй ч “аз харьсны” улмаас хорт хавдар туссан түүний гэр бүлийнхэнд эмчилгээний зардлыг нь төлөх үүрэг ногдсоноор үйл явдал улам сонирхолтойгоор өрнөнө. Бодит байдал дээр уг цувралын гол баатрынх шиг тохиолдол бидний бодсоноос ч илүү түгээмэл байдаг ажээ.

Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн Сидней Киммелийн нэрэмжит хорт хавдар судлалын төвийн эрдэмтэд болох Берт Вогельштейн, Кристиан Томасетти нар ДНХ-ийн мутацийн улмаас бий болсон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Эдгээр мутацууд бидний эд эс хуваагдах үед явагддаг байна. Эдгээр нь ихэнхдээ ДНХ-ийн төдийлөн чухал биш хэсгүүдэд явагддаг боловч хорт хавдар үүсгэгч генд үүссэн тохиолдолд байдал муугаар эргэдэг аж. Тэдний судалгаагаар, эдгээр мутацуудын 66 хувь нь тохиолдлын шинж чанартай, 29 нь хүрээлэн буй орчин, 5 хувь нь удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг болох нь тогтоогджээ.

Жон Хопкинсын их сургуулийн судалгааны багийнхны хэлснээр, эдгээр нь хорт хавдар үүсгэх цорын ганц шалтгаан биш бөгөөд зөвхөн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг аж. Харин зарим эрдэмтэд даавар зэрэг бусад хүчин зүйлс ба генийн мутацын харилцан нөлөөллийг судалснаар энэ талаар бүрэн дүүрэн ойлголттой болоход тус болно гэж үзэж байна.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ