Зам, даваа хаагдаж малчид нүүдэллэхэд хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-30 18:31:22

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн ихэнх нутгаар энэ сарын 21-22-нд орсон их цаснаар орон нутгийн чанартай зарим зам даваа хаагдаж, мал цасанд дарагдах, бэлчээрлэх боломжгүй болох зэрэг хүндхэн нөхцөл байдал үүсээд байна.

Хэдийгээр аймгийн ОБГ-аас ажлын хэсэг гарч улс, аймаг хоорондын зам давааг нээсэн ч хөдөөгийн багуудын малчин айл өрхүүд цасанд боогдох явдал гарсаар байна. Иймд сум, баг хооронд зам гаргах ажлыг зохион байгуулахгүй бол сая орсон цас малын бэлчээрлэлт болоод малдчын отор нүүдэлд хүндээр нөлөөлж байгаа аж. Ялангуяа мал төллөлт эхэлсэн энэ цаг үед зам даваа цасанд боогдох явдал их байгаа учир зам гаргах ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй байна хэмээн багийн Засаг дарга нар хэлж байна.

“Мал төллөлтийн үеэр малчид буурь сэлгэж нүүдэллэдэг учир хаагдсан зам давааг нээх ажилд холбогдох байгууллагууд анхаарал хандуулмаар байна. Энэ жил Увс аймагт малын хорогдол харьцангуй бага гарсан ч малчид хаваржилтдаа санаа зовниж байна” хэмээн Улаангом сумын 2-р багийн Засаг дарга Т.Эрхэмбаяр ярилаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ