Г.Дэнзэн нарыг шүүж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-28 15:10:25

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Авлигын хэргээр шалгагдсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж байна.

Хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан байна. Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч н.Нямжав шүүх хуралдаанд ирсэн, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан гэдэг шалтгаанаар шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байна. Г.Дэнзэн нарын таван хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж Нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ