БНСУ-ын компани нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэр байгуулах санал тавилаа

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-27 20:39:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тус аймагтт ажлын айлчлал хийж байгаа БНСУ-ын Кёнги аймгийн хурал дахь “Кёнги-Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлэг”-ийн дарга Ян Кён Сү, тус бүлгийн гишүүн Им Чэ Ху, Пак Чан Сүн, нар болон “Да Вон Электроникс” компанийн Судалгааны багийн ахлах Ким Хэ-Пан нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга С.Насанбат: “Дархан-Уул болон Кёнги аймгийн хооронд тогтсон найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлж хамтын ажиллагааны цаашдын бодлогоо оновчтой зөв, алсын хараатай тодорхойлох зорилгоор манай хотод хүрэлцэн ирсэн та бүхэнд баярласнаа илэрхийлж амжилт хүсье. Манай хоёр аймаг нь 2014 онд “Найрамдалт харилцааны санамж бичиг” байгуулсан цагаас хойшх богино хугацаанд бодит үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархаж байна. Бид энэ хугацаанд хоёр талын төлөөлөгчдөө хоёр ч удаа харилцан айлчлуулж туршлага солилцлоо. Кёнги аймгийн зүгээс Дархан-Уул аймагт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн дөрвөн автомашин хүлээлгэн өгч, ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуульд “Ухаалаг-анги” тохижуулж өгсөнд Дарханчуудынхаа өмнөөс та бүхэнд дахин талархлаа илэрхийлье” гэв.

Мөн үеэр Электрониксийн судалгааны багийн ахлах ноён Ким Хэ-Пан Камбож улсын эрчим хүчний гачигдалтай орон сууцны хорооллыг гэрэлтүүлгээр хангасан тухайгаа танилцууллаа. Тэрбээр: “Манай компани 1993 онд байгуулагдсан, одоогоор Вьетнам улсад салбартай тус үйлдвэрийн нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг гэрэлтүүлгүүд нь Монгол орны малчдад маш их хэрэгтэй бүтээгдэхүүн юм” гээд Дархан-Уул аймагт үйлдвэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ингэхийн тулд “БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж хилийн чанадад хэрэгжүүлдэг хөгжиж буй орнуудыг дэмжсэн бизнесийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байна” гэв. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлагуудыг хангасан байх, эдийн засгийн үзүүлэлт тооцоог хэрхэн гаргаж өгөх талаар ажил хэргийн шугамаар харилцан ярилцахаар тохиролцов.

БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид ирэх долдугаар сард Дархан-Уул аймагт дахин ирж ажиллахдаа 2014 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийх ажлуудаа дуусгахаар төлөвлөжээ. Ирсэн зочид үдээс хойш тус аймагт байгуулагдсан “10 Мвт-ын Нарны цахилгаан станц” болон Дархан хот дахь ХААИС, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Од” цогцолбор сургуулийн “Смарт анги”, Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай тус тус танилцаж маргааш Лхагва гарагт Хонгор сумын малчин айлд зочлох юм байна. 

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ