Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтод гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болов.
Улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд олон сорилт тулгамдаж байгаа ч цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр түмнийхээ төлөө мятрашгүй зүтгэж байгаад талархаж буйгаа УИХ-ын дарга М.Энхболд хуулийн эх бичвэрийг гардуулах үедээ онцлов.
Тэрбээр, “Шинэ хуульд Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн гурван үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгасан. Мөн цагдаагийн алба хаагчийн тэтгэвэрт гарах насыг цолтой нь уялдуулан өөр, өөр байхаар хуульчилсан.Тахарын албыг татан буулгасантай холбогдуулан уг байгууллагын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг Цагдаагийн албанд шилжүүллээ. Цагдаагийн цолыг алба хаасан хугацаа, ажлын туршлагад тулгуурлан олгодог байхаар тусгалаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс онцгой анхаарч, цагдаагийн албаны эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг улам бүр боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээгээд ХЗДХ-ийн сайдад хуулийн эх бичвэрийг гардуулав.
Ард иргэдийнхээ амар тайван амьдралыг манадаг цагдаагийн байгууллагад албан тушаалаа урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харьцах явдал байж болохгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ. Мөн тэрбээр эдийн засгийн хүндрэлээс үүдэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж, арга нь нарийсч байгаа тул Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Цагдаагийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 90 гаруй хуулийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг байна. Цагдаагийн албаны албаны тухай хуулийг 1993 онд анх баталсан ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан шинэчилэн найруулах шаардлага тулгарсан хэмээн ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр хэлсэн. Шинэчлэн батлагдсан хуульд иргэдийн цагдаагийн байгууллагад тавих хяналтыг сайжруулж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нарийвчилсан заалт орсон байна. Мөн алба хаагчийн нийгэм, эдийн засаг, эрх зүйн баталгааг хангах боломжийг шинэ түвшинд гаргаснаараа онцлог хэмээгээд хуулиа чанад мөрдөж, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа илэрхийллээ.
“Цагдан сэргийлэх байгууллагын түүх бол Монголын төр ард түмэндээ үнэнч зүтгэдгийн үлгэрлэл мөн” хэмээсэн маршал Ю.Цэдэнбалын үгийг ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Пүрэв иш татаад, “Монголын цагдаагийн байгууллага түүхийнхээ туршид төр, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Өнөөгийн бие бүрэлдэхүүн ч энэ уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчийн эрх зүйн байдлыг цогцоор нь шийдвэрлэсэн хууль боловсруулан баталсан УИХ, ХЗДХЯ-нд талархал илэрхийлэв.
Энэ үеэр Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнийг төлөөлж ЗЦА-ны жижүүрийн цагдаа, ахлах ахлагч Ц.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, “Би хамт олонтойгоо мөр зэрэгцэн, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө 20 жил ажиллаж буй жирийн нэгэн алба хаагч. Цагдаагийн албаны тухай хуульд тэргүүн болон сургагч ахлагч гэсэн цол шинээр оруулсан нь шийдвэр гаргах түвшинд баг бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын ажлын идэвх санаачилгыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төр засгаас бидэнд хүлээлгэж буй итгэлийг хүлээж, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө ажиллах болно” гэлээ.
Хуулийн эх бичвэр гардуулах үеэр Улаанбаатар хүрээний Цагдаагийн байгууллагын бүх хэлтэс албад ёслолын жагсаал алхаж, тангараг өргөв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал