Экспортын гурилын үйлдвэр байгуулахаар ярилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн, тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөнд Завханы 24 сумын 140 орчим хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, тариаланчид оролцов. Тус зөвлөлгөөнөөр өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарт хийсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг олон чухал асуудлыг хэлэлцлээ. Завхан аймаг ирэх дөрвөн жилд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг руу шилжих томоохон зорилт тавиад байгаа ажээ. Тиймээс орон нутгийн хөгжлийн үндсэн салбар болох мал аж ахуй, газар тариалангийн салбараа түшиглэн үйлдвэрлэлээ хөгжүүлэх олон гарц бий талаар аймгийн газар тариаланчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зөвлөгөөний үеэр онцлон хэлэлцэж харилцан мэдээлэл солилцлоо.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр малчдын ашиг орлого нэмэгдэнэ
Завхан аймагт өнгөрсөн жил Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл хэрэгжиж 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ.
Төслийн хүрээнд аймгийн 24 сумд хээлтүүлэгч малыг аттестатчилах ажлыг зохион байгуулж шинээр 4,1 мянган хээлтүүлэгч сонгон тавьжээ. Цаашид ирэх дөрвөн жилд мал аж ахуйн салбараа хөгжүүлэх хэд хэдэн томоохон зорилтыг аймгаас тавьж байгаа аж. Тухайлбал, мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчний залгамж халааг бэлтгэж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, МАА-н усан хангамжийг нэмэгдүүлж, бэлчээр ашиглалтыг сайжруулах гэхчлэн томоохон зорилтыг төлөвлөөд байгаа юм. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр малчдын ашиг орлого ч нэмэгдэнэ хэмээн удирдлагууд зөвлөлгөөний үеэр онцоллоо.
Хэрэгцээт төмс хүнсний ногооны 70 хувийг аймагтаа үйлдвэрлэнэ
Завхан аймаг 2016 онд 2317,2 тн төмс, 1269,4 тн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хэрэгцээт төмсний 70 орчим хувь, хүнсний ногооны 26,6 хувийг хангажээ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд аймгийн хэмжээнд төмс 245.0 га, хүнсний ногоо 121.0 га, үр тариа 1100.0 га-д тариалахаар төлөвлөжээ. Мөн малын тэжээлийн ургамал 800.0 га-д тариалалт хийж төмс 2695 тн, хүнсний ногоо 1512.5 тн, үр тариа 1430 тн, малын тэжээл 1600 тн-ыг тус тус хураан авах зорилт дэвшүүлээд байна. Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс хүнсний ногооны 70-аас доошгүй хувийг орон нутагтаа үйлдвэрлэхээр төлөвлөөд буй ажээ. Түүнчлэн БНХАУ-ын зах зээл дээр ямар нэгэн бордоо хэрэглээгүй хөрсөнд ургасан үр тариагаар үйлдвэрлэсэн гурил эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Тийм учраас Завхан аймагт үр тариа тариалж, түүгээрээ экспортын гурилын үйлдвэр байгуулахаар хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Эхний ээлжинд Тэс, Асгат сумын нутагт тариалалт хийж сайн ургавал ирэх жилээс 10.000 га-д, цаашлаад 30 орчим мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөж байна. Энэ ажил хэрэгжвэл Завхан аймагт олон ажлын байр бий болохоос гадна газар тариалан хөгжихөд томоохон дэмжлэг болж, гадны дэвшилтэт технологийг орон нутагтаа нэвтрүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан зөвлөлгөөний үеэр хэлэв.
Улиастайд 250 тн-ын багтаамжтай хүнсний ногооны зоорь барина
Завхан аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэх, газар тариаланг тогтвортой, эрчимтэй, үр ашигтай салбар болгон хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүдийг ч эхнээс нь шийдвэрлэжээ. Тухайлбал төмс, хүнсний ногоог технологийн дагуу хадгалах зоорины хангамжийг нэмэгдүүлэх. Аймгийн хүн амын хэрэгцээт төмс, хүнсний ногоог дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгоор Улиастай суманд 250 тн-ын багтаамж бүхий механикжсан зоорь барихаар хөрөнгийг шийдвэрлээд байна. Завханы улаан хальст сармисны үрийн хангамжийг нэмэгдүүлэх, тариалах талбай, хураан авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор үрийг технологийн дагуу хадгалах зоорь барих хөрөнгийг мөн шийдвэрлэжээ. Завханы тариаланчид зөвхөн өрхийн түвшинд ажиллаж байгаа бол цаашид зах зээлийн судалгаан дээр суурилсан өргөн зах зээлд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тиймээс Завхан аймгийн хөгжлийн үндсэн салбар болох мал аж ахуйгаас гадна газар тариалангийн салбараа ч хослуулан хөгжүүлэх шаардлагатайг аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцлээ.
Б.Мягмарсүрэн