Тархины саажилттай хүүхдийн сувилал байгуулах хандивын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-20 21:34:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд Тархины саажилттай хүүхдийн сувилал байгуулах хандивын аян эхэллээ.

Сувилал байгуулах аянаа "Халуун сэтгэл" уриан дор энэ сарын 20-ноос эхлүүлж, нэг сарын хугацаанд өрнүүлж байгаа аж. Тус аяныг Халуун болор төвийн тэргүүн А.Одончимэг санаачилж байгаа бөгөөд "Хөх монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл энхийн төлөө 20 жилийн хөдөлмөр сэтгэл минь шингэсэн хүүхдийн төлөө ариун үйлс, саажилт өвчний улмаас харамсалтайгаар өөд болсон анхны үрийнхээ дурсгалд зориулсан Саажилттай хүүхдийн сувилал байгуулах мөрөөдлийг минь дэмжээрэй" хэмээн уриалж байна. Ингэхийн тулд 285.000 хүн тус бүр ердөө 1000 төгрөг хандивлахад хангалттай гэж байна.
Өнөөдрийн байдлаар тус аяны Фэйсбүүк давалгаанд нэгдсэн хүмүүс бүргэд хаалга 2 ширхэг, тээврийн зардалд 350.000 төгрөг, сантехникийн холбогч хэрэгсэл, бэлэн мөнгө зэргийг төвлөрүүлээд байгаа аж.

Аянд нэгдэхийн хүссэн хүмүүс 99880099 дугаараар холбоо барьж болох ба Хаан банк 5003168283 Хүүхдийн төлөө Халуун болор төв, Хаан банк 5076125049 Одончимэг гэсэн дансанд хандиваа төвлөрүүлээрэй.

Сонирхуулахад, Хүүхдийн төлөө Халуунболор төвийн 20 жилийн ойг угтаж Халуун сэтгэл хүмүүнлэгийн аяныг Улаанбаатар хотноо 1дүгээр сарын 15-аас 2дугаар сарын 15-ыг хүртэл өрнүүлж, 4 хүүхэдтэй нялх биетэй ээжийг гэртэй болгож, 11 хүүхдийг тэргэнцэрээ хоорондоо солилцоход зуучлан тусалж, 5 хүүхэд, нэг ээжийг тэргэнцэртэй болгожээ. Мөн хүнд нөхцөлд амьдарч байгаа тархины саажилттай нийт 89 хүүхдэд дулаан хувцас бэлэглэсэн байна.

                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ