Гүний худаг гаргаж бэлчээрийнхээ талбайг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-19 22:37:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн сумын төвөөс урагш Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг зэрэг сумын дагуу ашиглагдахгүй байгаа бүс нутгуудад шинээр гүний худаг гаргаж, уст цэгээр хангана.  

Сумын Засаг даргын захирамжийн үндсэн чиглэлд ашиглахгүй байгаа бэлчээрийг ашиглалтад оруулах, ус цэгээр хангах зэрэг асуудлууд тодорхой тусгуулсан байна. Энэ хүрээнд энэ жил орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүний худаг нэмж гаргахаар болсон бол иргэдийн оролцоотойгоор найман гүний худгийг нэмж барьж ашиглалтад оруулах аж. Нэг гүний худаг гаргахад гүнээсээ шалтгаалан 10 орчим сая төгрөг шаардагдах гэнэ. Өнгөрсөн жил сумын хөрөнгө оруулалтаар ганц ч гүний худаг гаргаагүй. Харин малчин иргэд өөрсдөө нийлж дөрвөн гүний худаг гаргажээ. “Аль болох хүн хүрдэггүй газар нутагт ус цэгийг гаргах, өвөлжөө болон хаваржааг бий болгох, ашиглагдахгүй бэлчээрийг малчдад эзэмшүүлэх бодлого барьж байна” хэмээн Төв аймгийн Бүрэн сум Р.Очирбат онцолсон юм.

Мөн Бүрэн сумын 240 цэгт 600 гаруй малчин өрх, 330 мянган толгой мал хаваржиж байна. Энэ жил 100 гаруй мянган толгой мал төллөнө. Мал төллөлт нийт эх малын 10 орчим хувь буюу 10 мянган мал төллөөд байна. Мичин жил, илүү дөрвөн сартай өвөл зэргээс шалтгаалан богийн хээлтүүлгийг 10 хоногийн орой эхлүүлсэн учраас гуравдугаар сарын 20-с жигдэрч эхэлнэ.

Түүнчлэн хаврын хавсарга бага байвал угтвал чийг ихтэй учраас дөрөвдүгээр сарын дундаас мал ногоо идэх боломжтой. Улсын нөөцийн газраас 10 тонн өвс, 10 тонн тэжээл нөөцөлсөн байна. Цаг хүндэрсэн үед дээрх нөөцийн өвс, тэжээлээс малчдад олгохоор бэлтгэл ажиллаа хангасан байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ