“Сүүн далай ээж”-үүдээ алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-17 20:56:13

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос “Сүүн далай ээж” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус холбоо нь 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш жил бүрийн эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Сүүн далай ээж” арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна. Энэ үеэр 18 ээжийг “Сүүн далай ээж”, гурван ээжийг “Өүлэн эх” өргөмжлөлөөр шагнаж, алдаршуулсан юм. Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын Налайх дүүргийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Увс аймгийн Тэс сумын харъяат Ж.Цэнгэл тав дахь жилдээ ивээн тэтгэн явуулжээ. “Сүүн далай ээж” арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцсоноос гадна “Шуранхай” хамтлагийн дуучин, МУСТА Б.Номин-Эрдэнэ урилгаар ирж ая дуугаа өргөсөн юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын Налайх дүүргийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Увс аймгийн Тэс сумын харъяат Ж.Цэнгэл Улаангом сумын иргэн, эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй Л.Цоггэрэл, Э.Оюундэлгэр нарын гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэсэн байна. Ж.Цэнгэлийн хувьд төрөлх аймгийнхаа амьдралын түвшин доогуур, ажилгүй залуу гэр бүлүүдэд 5 дахь жилдээ ийнхүү гэр бэлэглэж байна. Өнгөрсөн жил хоёр айлд гэр бэлэглэсэн аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ