О.Баасанхүү гишүүн С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой зарлиг гаргахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-03-16 13:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандаж бичиг хүргүүлэхээр болжээ. 

Энэ тухайд тэрбээр, "Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд манай багийн иргэд тухайн хэрэгт холбогдож, ял шийтгэл авч, он удаан жилээр хоригдох болж байгаад би гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Тиймээс нэгэнт гарсан шийдвэрийг шүүх эрх надад байхгүй. Гэхдээ иргэд сонгогчдоос өргөдөл гомдол ирүүлсээр байна.

Тодруулбал, Шүүх хурлыг хаалттай хийсэн нь Үндсэн хуульд заасан “Аливаа иргэн шударга шүүхээр шүүгдэх ёстой” гэсэн эрхийг бүрэн эдэлж чадсан эсэхэд эргэлзэж байна. Шүүгдэгч нар захиалгат аллага үйлдсэн гэж байгаа боловч захиалагч нь өнөөг хүртэл

хэн болох нь тогтоогдоогүй байгаа нь нийгэмд эргэлзээ төрүүлж байна. Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг  дээрдүүлсэн, дордуулсан эсэхийг мэдэхийг ард түмэн хүсч байна. Хэрэгт авагдсан нотлох баримт нь онц ноцтой гэдгийг бүрэн нотолж байгаа эсэх нь мөн эргэлзээтэй байгаа тулЕрөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү гэсэн бичиг илгээж байна" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ