Энэ сарын сүүлээр цасан ба шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-16 13:44:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын агаарын дундаж температур 6-10 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх ажээ. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх гэнэ. Бусад хугацаанд шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Энэ сард нутгийн зүүн олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим хур тунадас орох ажээ.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр  ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр  цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Харин салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурахын малчид, тээвэрчид, иргэдэд анхаарууллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ