“Анхдагч Булган” сурах бичиг зохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-16 10:56:48

Булган /МОНЦАМЭ/.  Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж “Анхдагч Булган” сурах бичиг зохион ашиглахаар боллоо. Сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдад зориулсан аймгийн түүх, соёлын өвийн талаарх мэдлэгийг агуулсан сурах бичиг байх юм байна.

-Манай аймгийн түүхийн онцлог чухал хэсэг нь сурах бичигт тусгагдсан байдаг. Түүнээс илүү олон мэдээлэл, мэдлэгийг өсвөр үеийнхэндээ түгээх, өвлүүлэх шаардлагын үүднээс “Анхдагч Булган” сурах бичиг зохиохоор шийдвэрлэсэн. Сурах бичгийн материалыг цуглуулан бэлтгэж эхэлсэн. Түүхийн дурсгал, алдартнуудын тухай баримт, домог хууч яриа зэрэг байхаар төлөвлөж байгаа. Түүхт ойгоо тэмдэглэж ном хэвлүүлсэн сумын хувьд ашиглах, судлах материал элбэг байгаа нь сайшаалтай байна. Сургуулийн түүхийн багш нар болон түүх, угсаатны зүй судалдаг хүмүүстэй хамтран ажиллана гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургалт, судалгаа арга зүйн албаны дарга Ж.Орхонтуул ярилаа.

“Анхдагч Булган” сурах бичиг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Б.Эрдэнэбаатараар ахлуулан байгуулж, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, гавьяат багш Ш.Шийтэр, боловсрол, соёл урлагийн газрын түүх, нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа нарын хүмүүсийг бүрэлдэхүүнд нь оруулсан байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ