116 га-д тариалалт хийхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-15 12:53:53

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг энэ жил 116 га-д тарилалт хийхээр болсон нь ноднин жилийнхээс найман га-гаар илүү байна.

Аймгийн ХХААГ-аас өөрсдийн нөөц боломжоо ашиглаж жил бүр тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас энэ жил элит үрийн төмс тариалахад зориулж 10 сая төгрөгийг баталсан бол энэ мөнгөөр Сайншанд сумын “Мөнх-Ашиг” хоршоо, Эрдэнэ сумын “Мөрөөдлийн говь” ХХК хамтран үр захиалах ажлыг гүйцэтгэхээр боллоо.

Хаврын  тариалалтаас өмнө аймгийн ХХААГ-аас энэ сарын 31-нд газар тариалан эрхлэгчдийн сургалт зөвлөлгөөнийг Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөсөн. Зөвлөлгөөнөөр  тариалалттай холбоотой асуудлууд, бэлтгэл ажил, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар хэлэлцэх гэнэ.

Дашрамд дурдахад тус аймгийн Сайншанд сумынхан  газар тариаланг хамгийн сайн эрхэлдэг бол Улаанбадрах, Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг суманд газар тариалан бараг эрхэлдэггүй юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ