Зээлийн муу түүхийг устгаснаар иргэд дахин зээл авах боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-13 21:17:38

Увс /МОНЦАМЭ/ Монгол банкны ерөнхийлөгчийн шийдвэрээр тус банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 иргэний зээлийн муу түүхийг устгасан байна.

Тодруулбал, иргэдийн зээлийн гэрээ нь нэгээс доош хугацаагаар хийгдсэн, зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 2,9 сая төгрөг хүртэл, хугацаа хэтрүүлсэн ч энэ оны 1-р сарын 30-аас өмнө төлсөн зээлийн түүхтэй бол мэдээллийн санд буй сөрөг мэдээллийг нь хаасан гэсэн үг аж. Хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхтэй иргэдийн хувьд дахин зээл авах тохиолдолд банк найдваргүй зээлдэгч хэмээн үзэж зээл авахыг зөвшөөрдөггүй байжээ. Гэтэл энэхүү шийдвэрийн ачаар олон зээлдэгчийн дахин зээл авах эрх нь нээлттэй болсон байна.

“Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн муу түүхийг хаасан. Ингэснээр банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойгоос гадна санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм” хэмээн Монгол банкны Увс салбарын захирал Т.Бум-Эрдэнэ мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ