Канад Ойрхи Дорнодоос сөнөөгч онгоцуудаа татна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-21 12:14:28

ОТТАВА. /ВВС/. Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч буй сөнөөгч онгоцуудыг буцаан татна гэж Канадын Ерөнхий сайдаар сонгогдсон Жастин Трюдо мэдэгдэв.

Жастин Трюдогийн тэргүүлсэн Либерал нам сонгуульд ялсны дараа тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан байна.

2016 оны гуравдугаар сар хүртэл Ойрхи Дорнодод байрлуулахаар илгээсэн “CF-18” сөнөөгч онгоцуудыг буцаан татна гэж тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэрээ мэдэгджээ.

Гэвч тэрбээр цаг хугацааг тодорхой мэдээлээгүй байна.

Даваа гарагт болсон сонгуулиар Жастин Трюдогийн тэргүүлсэн Либерал нам ялж, Стивен Харперын Консерватив намын 10 жил үргэлжилсэн эрх мэдлийг таслан зогсоосон юм.

Ахлах сургуулийн багш байсан тэрбээр Канадын 15 дахь Ерөнхий сайд агсан Пьер Трюдогийн том хүү ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ