Удирдах ажилтнуудын сонгон шалгаруулалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-11 16:48:26

Увс /МОНЦАМЭ/ Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу Увс аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт аймгийн Боловсрол, соёлын удирдах газарт явагдаж байна.

Өчигдөр Цогцолбор 2-р сургууль, Ахлах 3, 4-р сургууль, Чандмань-Эрдэм ахлах сургууль, 1, 2-р цэцэрлэг, 9-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явагджээ. Шалгалтыг төрийн албаны зөвлөлөөс онлайн хэлбэрээр авсан байна. Үргэлжлүүлээд сумдын сургууль, цэцэрлэгийн удирах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт явагдах аж.

“Энэхүү шалгалт нь хуулийн чиглэлээр явагддаг. Учир нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнууд нь ажилтан, албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх, цалин хөлсийг нь тогтоох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулдах гэх мэт олон асуудлыг бие даан болон хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэдэг тул тэдэнд зайлшгүй мэдвэл зохих олон хууль тогтоомжийг судлах шаардлага, шалгуур тавьдаг” хэмээн аймгийн БСУГ-ын дарга С.Дашням мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ