“Боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-11 15:56:05

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал энэ сарын 13-нд болохоор товлогдсонтой холбогдуулан аймгийн ИТХ дахь Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо өчигдөр хуралдаж Увс аймгийн 2017-2020 он хүртэлх “Боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцсэн байна.

Энэхүү хөтөлбөрийг гол зорилго нь хүний хөгжлийг дэмжсэн сургалтын орчин, хүмүүжил төлөвшилтэй хөгжсөн хүүхэд, бүтээлч санаачлагатай багш, ажилтныг дэмжих, эцэг эхийн хамтын оролцоог хангаж ажиллахад оршиж байгаа аж. Увс аймгийн боловсролын салбарт одоогийн байдлаар 1307 багш, 825 ажилтан, 153 удирдах ажилтан, 22184 сурагч суралцаж байна. Статистик үзүүлэлтээс харвал 1-10 жил ажиллаж байгаа багш 64,6 хувь, 10-20 жил ажиллаж байгаа багш 23 хувь, 20-иос дээш жил ажиллаж байгаа багш 12,3 хувийг эзэлж байгаа аж. Боловсролын салбарын 70 хувь нь 30-40 насны залуучууд буюу залуу багш нар бөгөөд тэднийг сургах, чадваржуулах, онолын мэдлэгийг ахиулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, арга зүй ур чадварыг нь сайжруулах, ахмад багш нарын арга туршлагыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олон талт үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлагатай байна. 

Хорооны хурлаар хэлэлцсэн асуудлаар санал, дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд уламжлахаар болсон байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ