Манай улсад 22 мянга гаруй хүн сүрьеэгээр өвчилж буйг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-10 18:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл өнөөдөр ЭМЯ-нд мэдээлэл хийлээ.

Энэ жил уг өдрийг  "Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе"  /Хэнийг ч орхигдуулахгүй байх/  уриан дор тэмдэглэнэ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200.000 орчим хүүхэд эндэж байна.

Манай Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчилж байгаа аж.

Судалгаагаар 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22 мянга буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм.

Mанай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлийн нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан болж байна.

Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй  болж  сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо  эмчилгээнд хамарч,  эмчийн зааврын дагуу эмээ  байнга ууж эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна.  

Ж.Болор

 

Холбоотой мэдээ