Тэмээний баярт дэлхийн 10 гаруй орны жуулчин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-09 16:42:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг дэмждэг уламжлалт тэмээний баярын арга хэмжээнд дэлхийн 10 орноос жуулчид ирж оролцжээ.

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээний хүрээн дэх “Тэмээний баяр- Өвлийн наадам”-ыг “Түмэн Тэмээ-Тэмээн аялалын холбоо”-ноос Өмнөговь аймгийн Булган суманд 20 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдгаараа онцлог юм. Тус наадмыг монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том эвент болоод байна гэж зохион байгуулагчид хэллээ.
Уг арга хэмжээнд Австрали, Франц, Герман, Солонгос, Япон, Англи зэрэг 10 гаруй орноос ирсэн 80 гаруй жуулчин, дотоодын 1500 иргэн оролцжээ.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 5 сарын 1 хүртэл морь тэмээний уралдааныг зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Гэвч олон жил зохион байгуулан, олон жуулчдын хүлээлттэй арга хэмжээний нэг болсон “Тэмээний баярыг” аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн зөвхөн Булган сумын хэмжээнд зохион байгуулсан юм.

Дашрамд дуулгахад энэхүү тэмээний баяр нь Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан зохион байгуулж дэлхийн дээд амжилтыг тогтоосны нэг жилийн ойн дээр боллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ