“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд 150 гаруй үйлдвэрлэгч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-21 22:43:26

Дархан-Уул / MOНЦАМЭ / Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа аймгийн Залуучууд театрт таван хоног үргэлжлэх байсан ч иргэдийн хүсэлтээр дахин нэг хоног сунгаж өндөрлөв.

Үзэсгэлэн худалдаанд нийт 150 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцсоны дотор Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Архангай, Булган зэрэг аймгуудын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээрээ оролцож 160 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Зохион байгуулагчид энэ удаагийн үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг болзлын дагуу манлай бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж урамшуулав. 2017 оны “Манлай бүтээгдэхүүн”-ээр шалгарссан 10 аж ахуйн нэгжийг тусгай байрын шагналаар. “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Дархан Гэрэл” ХК, “Шилдэг стэндтэй оролцогч”-оор “Мөнх-Ундрам хүнс” ХХК тус тус шалгарч цом, өргөмжлөл гардав.

Шалгаруулалтыг үзэсгэлэн худалдаанд оролцогчдын нэрийн бүтээгдэхүүний ур хийц, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байдал зэргийг харгалзан үзэж шалгаруулсан байна.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ