Шадар сайд зудтай сумд руу тусламжийн цувааг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-20 15:09:20

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Улаангом суманд ажиллаж байна.

Тэрбээр энэ өглөө орон нутгийн 09 цагт өвс тэжээлийн болон хүнсний тусламжийн зүйлсийг ачсан автомашины цувааг зудтай сумд руу гаргаж, Сагил, Малчин, Цагаанхайрхан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

Засгийн Газраас 3.2 сая төгрөгийн өртөг бүхий 138.2 литр малын эм био бэлдмэл, 82.2 сая төгрөгийн үнэ бүхий 360 тн өвс, 52 сая төгрөгийн өртөг бүхий 240 тн тэжээл, тээврийн зардалд 19.2 сая төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд дэмжлэг болгож 5 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ-469 автомашин, нийтдээ 569.7 сая төгрөгийн хөрөнгө, бараа материал, мөнгө санхүүгийн тусламжийг Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас Увс аймагт олгож байгааг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэллээ.

Шадар сайд өнгөрсөн шөнө 01 цагт Түргэн суманд ажиллаж, улмаар Улаангом сумын 1-р баг буюу Чандманий хар замын дээд талын хачир дэлгэж айл өрхүүд усанд автаж болзошгүй байгаатай газар дээр нь танилцаж, 03 цагт аймгийн онцгой комиссын шуурхай хурал зарлан хуралдуулсан юм. Хурал дээр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан, аймгийн ОБГ-ын дарга Б.Баттулга нар цаг үеийн нөхцөл байдал болон өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд баруун таван аймгийн зудтай сумд руу тусламжийн цувааг гаргах, бодит байдалтай газар дээр нь танилцах зорилгоор орон нутагт ажиллаж байгаа аж. Түүнийг дагалдан ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, ахмад Я.Гантөмөр, Шадар сайдын зөвлөх, хурандаа Л.Алтангэрэл, зөвлөх Л.Сайнаа, А.Үйлстөгөлдөр болон Улсын онцгой комиссын шуурхай баг, хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.Түүнийг дагалдан ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, ахмад Я.Гантөмөр, Шадар сайдын зөвлөх, хурандаа Л.Алтангэрэл, зөвлөх Л.Сайнаа, А.Үйлстөгөлдөр болон Улсын онцгой комиссын шуурхай баг, хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Наранбулаг суманд ажиллаад Завхан аймаг руу хөдлөнө.

Зудтай байгаа аймаг, сумдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх, хямдруулж олгох, малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, машин техник, эм, био бэлдмэл, шатахуун, тээврийн зардалд зориулж Монгол Улсын Засгийн Газраас 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн гаргахаар шийдвэрлэсэн байна.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ