Алеппо хотын хэдэн мянган иргэн дүрвэжээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-20 13:05:35

ДАМАСК. /ВВС/. Өнгөрсөн гурав хоногт Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотын өмнөд хэсэг дэх босогчдын байрлал руу давшиж байгаагийн улмаас хэдэн арван мянган иргэн дүрвэлээ гэж нэгэн идэвхтэн мэдэгджээ.

Би хэд хэдэн тосгоноор орсон боловч нэг ч хүн байхгүй байсан гэж Сирийн Эмнэлгийн тусламжийн байгууллагуудын холбооны тэргүүн Зайдоун аль-Зоаби мэдэгдсэн байна.

Ямар ч эрүүл мэндийн тусламж, хамгаалалтгүй хэдэн мянган хүн нүүж явахыг харсан гэж тэрбээр хэлжээ.

Өнгөрсөн хоёр долоо хоногт Сирийн Засгийн газрын хүчин наад зах нь дөрвөн удаа давшилт хийсэнд ОХУ агаараас дэмжлэг үзүүлсэн байна.

Алеппо хотоос гадна тэд Хомс, Хама хотын хойд хэсгийн алслагдмал нутаг болон эргийн Латакиа мужийн хойд нутгаар давшжээ.

Энэ жилийн эхээр дээр дурдсан стратегийн ач холбогдол бүхий нутгууд руу  “Лалын улс” бүлэглэлийн босогчид нэвтэрсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ