“Аваргын гараа” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-02-17 16:23:28

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн тэмцээний нээлт өнөөдөр боллоо.

Тэмцээнд 21 байгууллагын 336 тамирчин оролцож байна. Өсвөр үе, хүүхэд залуучуудыг спортод элэгтэй болгох, цаг завыг нь зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйн алдартнуудыг багаас нь тодруулах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит “Аваргын гараа” тэмцээнийг 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон явуулж байгаа юм. Чөлөөт, самбо, жудо бөхийн төрлүүдээр тус тус зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд Увс аймгийн хүүхэд залуучууд өргөнөөр хамрагддаг байна.

Увс аймгаас чөлөөт бөхөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Б.Гантогтох, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Т.Артаг, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Л.Энхбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин, аймгийн арслан Б.Отгонбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном тэргүүтэй олон сайхан алдартнууд төрөн гарчээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ