Мандалговь Улаанбаатарын хоорондох зорчигч тээврийн тариф хямдарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:45:27

Мандалговь, Улаанбаатар хот хооронд өнөөдрөөс эхлэн иргэд  хямдарсан үнээр зорчиж эхэллээ.

Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13 мянга 200 төгрөг байсан зорчих тасалбарын үнийг 8800 төгрөг болгож хямдруулжээ. Харин хүүхдийн зорчих тасалбарын үнэ 4600 төгрөг болсон байна.

Тус компаниуд Мандалговь, Улаанбаатар хот хооронд том оврын автобусаар өдөрт хоёр удаа зорчигч тээвэрлэдэг. 2012 онд Мандалговь, Улаанбаатарын чиглэлийн авто зам ашиглалтад орсноос хойш суудлын жижиг автомашинууд зорчигч тээвэрлэх нь олширч, автобусаар зорчих зорчигчид эрс цөөрсөн байна. Зорчигчдын тоо 3 жилийн өмнөхөөс 36 хувиар багасч, одоо нэг автобус өдөрт дундажаар 12-17 зорчигчтой явдаг болжээ. Иймээс үйлчилгээ эрхэлдэг компаниуд үнээ хямдруулснаар зорчигчдоо эргэж татна гэж үзсэн байна.

Зам тээврийн сайдын тушаалаар баталсан жишиг тарифын хамгийн багаар буюу нэг хүн-км- ийг 45 төгрөгөөр тооцоход Мандалговь, Улаанбаатар хот хооронд зорчих үнэ 12 мянга 150 төгрөг болно. Харин одоо компаниудын санал болгосон үнэ үүнээс ч хямд буюу нэг хүн- км- ийг 32 төгрөгөөр тооцдог болж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ