Зохиогчийн эрх зөрчсөн гэх шалтгаанаар Бейонсегоос 26 сая доллар нэхэмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-09 12:05:20

НЬЮ-ЙОРК. /ТАСС/.  Нэгэн дуундаа бусдын оюуны өмчийг хууль бусаар ашиглан зохиогчийн эрх зөрчсөн гэх үндэслэлээр Америкийн алдарт дуучин Бейонсег шүүхэд дууджээ.

2010 онд нас барсан реппер Месси Майагийн үр хүүхдүүд  АНУ-ын Луизиана муж улсын Нью-Орлеан хотын шүүхэд дуучин бүсгүйн эсрэг зарга мэдүүлжээ. Тэдний гаргасан гомдолд "энэ оны “Грэмми”-ийн шагналын хэд хэдэн номинацид нэр дэвшсэн  Бейонсегийн "Formation" дуунд Майагийн YouTube хуудсанд байршуулсан бичлэг дээрх үгийг оруулсан байна" гэжээ. 

Мөн нэхэмжлэгчдийн үзэж байгаагаар, уг дууны клип нь реппер Майагийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим бүтээл, тоглолттой хэтэрхий адилхан болсон байна. Майагийн өмгөөлөгчид  26 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг Бейонсегоос шаардсанаас гадна Майаг "Formation" дууг хамтран зохиогч мөн гэж зарлахыг шаарджээ.

Өдгөө 35 настай Бейонсе бол Америкийн хамгийн алдартай оддын нэг бөгөөд "Форбс" сэтгүүлд нийтлэгдсэн 2016 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ