Малчид цаг агаарын мэдээг гар утаснаасаа авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-08 15:40:50

Дорноговийн малчид гар утаснаасаа цаг агаарын мэдээ авч эхэллээ.  “Мерси Кор” Монгол дахь Олон улсын байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад туслах газар”-ын санхүүжилтээр "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийг хэрэгжүүлж байна.

2015 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн дээрх төсөл нь  зуд болох өндөр  магадлалтай 10 аймгийн 69 суманд хэрэгжсэн бөгөөд  зорилтот аймгуудад гар утасны мессеж системийг туршин хэрэглээнд нэвтрүүлж, аймаг сумын иргэдэд онцгой байдлын үеийн төлөвлөлт, бэлтгэл, даван туулах сургалт зохион байгуулах чадавхийг нэмэгдүүлж, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг аж.

Төслийн багийнхан Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумын 19 багийн иргэд, малчдад цаг агаарын мэдээг гар утасны мессеж системээр авах сургалт зохион байгуулжээ.

Учир нь 2015-2016 онд шилжих өвөл Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн сумын нутагт цас их орж хүйтэрснээс өвөлжилт хүндэрч  зуд болсон байдаг.

Өнгөрсөн онд Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж буюу Иргэний хамгааллын сангийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Улаанзагалмайн хороо зудад нэрвэгдсэн малчин айлд туслах төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн  хүрээнд 800 орчим малчин айлын амьжиргааны мэдээллийг Халамжийн байгууллагын оролцоотойгоор хүлээн авч түүнээс төсөлд хамрагдах шаардлагатай 450 айлыг сонгон авч тусламж хүргэж байсан бол дээрх сумдын малчид гар утаснаасаа цаг агаарын мэдээллийг хүлээн авах боломжтой болжээ.

Төслийн зүгээс цаашид  цаг агаарын мэдээг иргэд гар утаснаасаа хүлээн авах системд холбох, зудыг амжилттай даван туулсан туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, гамшгийн төлөвлөлтийг сайжруулах, зудын дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих зэрэг  ажлыг хийхээр төлөвлөжээ.

Малчид 3-6 хоногийн цаг агаарын мэдээ, сумын төвийн 60 хоногийн дараах бэлчээрийн мэдээлэл, онцгой байдлын урьдчилан сэргийлэх мэдээллийг авахдаа 98018000 гэсэн дугаарт эхлээд  бүсчлэлийн кодоо бичиж, зай аваад 105 гэж бичээд илгээхэд болох аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ