Малчдын амьжиргааг дээшлүүлэхэд 9.06 сая ам.доллар зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС) хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС-гийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 сумыг 120 малчин, 455 эмэгтэйн өрхийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулжээ. Уг төслийг үргэлжлүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс 9.06 сая ам.долларыг ХААХОУС-гаас жилийн 1.25 хувийн хүүтэй зээлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгасан.
Зээлийн хугацаа 25 жил байх юм. Зээлийн хөрөнгөөр аймаг, сумдад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох замаар малчдыг дэмжих, ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд 120 малчин, 455 эмэгтэйд ямар дэмжлэг үзүүлснийг Б.Баттөмөр гишүүн тодрууллаа. 2011-2016 онд орон нутагт 80 худаг шинээр барьж, 10 хөв цөөрөм байгуулснаар бэлчээр ашиглалт сайжирсан. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газруудын чадавхийг бэхжүүлж, малчдад цаг агаарын мэдээ, мэдээллийг гар утасаар нь дамжуулан хүргэдэг болжээ. Түүнчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг нэгтгэж оёдлын болон аруул, хурууд үйлдвэрлэх бичил цех байгуулсан хэмээн ажлын хэсгээс хариулав.
Мөн Ө.Энхтүвшин гишүүн, “Одоо авах санхүүжилтийн хүрээнд ган зуднаар бүх малаа алдсан өрхүүдийг малжуулах арга хэмжээ авах уу хэмээн тодруулав. Төсөлд малжуулах арга хэмжээ тусгаагүй гэдгийг Ажлын хэсгээс хариулсан. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, “Энэ их өндөр ач холбогдолтой төсөл. Гэхдээ зээлийн хөрөнгийн зарцуулалтад анхаарах хэрэгтэй. Тухайлбал, хэлэлцээрийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дөрвөн сая, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 1.4 сая, төслийн менежментийн зардалд 2.1 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байна. Эндээс харахад яг ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй, бичиг цаасны ажил болж үлдэх гээд байна. Энэ сарын 14-15-нд НҮБ-д ХААХОУС-гийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үеэр очиж зээлийн хөрөнгийг цэвэр малчдад чиглүүлэх талаар ярилцахаар төлөвлөж байна” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Ч.Ариунболд