Тахарын албанд ажилласан жилийг цагдаад ажилласнаар тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөл нь 10 бүлэг, 98 зүйлтэй бөгөөд хэд хэдэн зарчмын чанартай асуудлуудыг тусгасан. Тухайлбал, цагдаагийн алба хаагч нь хууль бус даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ. Мөн цагдаагийн алба хаагчийн цол албан тушаалын байсныг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан олгох юм. Түүнчлэн цагдаагийн дээд цолыг “комиссар” байсныг өөрчлөн “генерал” цол олгох заалт оруулжээ. Үүний зэрэгцээ цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулж, улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх, өөрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа улс төрийн зорилгоор ашиглах, бусад ажилтан, алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон зохицуулалтыг тусгасан аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ““Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд ажилладаг. Албан үүргээ гүйцэтгэж явахдаа эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд албан тушаалаас нь бууруулж болохгүй. Тиймээс энэхүү заалтыг хасах саналтай байна” гэсэн байр суурьтай байв. Түүний гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүд дэмжсэнгүй.
Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Тахарын албыг татан буулгасан. Энэ албанд ажиллаж байсан ажилтнууд тэтгэвэрт гарахдаа хохирох ёсгүй. Тиймээс тахарын албанд ажиллаж байсан хугацааг цагдаагийн албанд ажиллаж байснаар тооцуулах хэрэгтэй” гэсэн саналтай байгаагаа хэлэхэд гишүүдийн дийлэнх дэмжсэн юм. Үүгээр дээрх хуулиудын энэ шатны хэлэлцүүлэг өндөрлөсөн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулиудыг хэлэлцэхээр болов.
Б.Туул