Д.Трампын цагаачлалын хоригийг сэргээхээс татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-06 09:59:57

САН-ФРАНЦИСКО. /ВВС/. Лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг түр хориглох тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг нэн даруй сэргээхийг Хуульзүйн яам хүссэн боловч тус улсын Давж заалдах шатны шүүх татгалзлаа.

Сан-Франциско дахь АНУ-ын Давж заалдах шатны 9 дүгээр шүүх хоригийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр гаргажээ.

Вашингтон муж улсын захиргаа хүсэлт гаргаснаар Сиэтл хотын Дүүргийн шүүх Д.Трампын цагаачлалын хоригийг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргасан юм.

Үүний дараа АНУ-ын Хуульзүйн яам шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалджээ.

Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй байх, мөн аль ч улсаас 120 хоногийн хугацаанд дүрвэгчдийг хүлээж авахгүй байх тухай зарлигийг Д.Трамп гаргасан билээ.

Ийм зарлиг гаргасны улмаас дэлхий даяар үймээн үүсч, эсэргүүцлийн жагсаал болсоор байна.

Төрийн Департаментын мэдэгдсэнээр, цагаачид болон дүрвэгчдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх тухай зарлигт Д.Трамп нэгдүгээр сарын 27-нд гарын үсэг зурснаас хойших хугацаанд дээрх долоон улсын 60 мянга гаруй иргэний визийг хүчингүй болгожээ.

Харин Төрийн Департамент бямба гарагт мэдэгдэл хийхдээ “визний хүчинтэй хугацаа нь дуусаагүй хүмүүс АНУ-д нэвтрэх боломжтой” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ