А.Поветкины “Б” сорьцын шинжилгээний хариу эерэг гарчээ

Дэлхийд | Спорт
bars@montsame.mn
2017-02-03 16:43:21

МОСКВА./TASS/. Оросын боксчин Александр Поветкиноос авсан сэргээшийн шинжилгээний “Б” сорьцын хариу эерэг гарч, остарин гэдэг бодис илэрчээ.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Дэлхийн боксын зөвлөл /WBC/ Поветкины сэргээшийн шинжилгээний сорьц эерэг гарсантай холбогдуулан түүний Канадын боксчин Бермейн Стивернтэй тулалдах зөвшөөрлийг нь цуцалсан байна.

“Б” сорьцын хариуны талаар Поветкиныг төлөөлж буй "Forward Legal" компанийн ахлах ажилтан Алексей Карпенко, "Боксын ертөнц" промоутерын компанийн ерөнхийлөгч А. Рябинский нар мэдээлэв.

Сорьцыг Лос-Анжелесийн лабораторид шинжилсэн байна. Харин Рябинский “Р-спорт” агентлагт өгсөн ярилцлагадаа "Лозанна хот дахь лабораторид шинжилсэн сорьц нь цэвэр байсан" гэжээ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд Александр Поветкин супер хүнд жингийн дэлхийн аварга цолын төлөө Канадын тамирчин Бермейн Стивернтэй тулаан хийх ёстой байсан боловч Дэлхийн боксын зөвлөл /WBC/ тулалдах зөвшөөрлийг нь цуцалжээ.

Тухайн үед WBC-ийн ерөнхийлөгч Маурисио Сулейман "Поветкины шинжилгээ эерэг гарсан, Оросын тамирчны биед остарин бодис хэрэглэсэн ул мөр илэрсэн" гэж мэдээлж байв.

Харин Орост бол уг бодисыг булчингийн массыг нэмэгдүүлэх, арьсан дорх өөхийг шатаахад хэрэглэдэг ургамал, амьтны гаралтай органик бодис гэж үздэг ажээ.

2016 оны 5 дугаар сард А.Поветкин тухайн үед аварга байсан Америкийн боксчин Деонтей Вайлдертай тоглох ёстой байсан боловч яг тоглохын өмнөхөн түүнээс авсан сэргээшийн шинжилгээний сорьцонд мельдони илэрчээ.

Харин Поветкины менежерүүд "мельдоныг сэргээшийн жагсаалтад оруулахаас өмнө уг бодисын ул мөр тамирчны биед илэрсэн" гэдгийг баталж чадсан байна.

О. Барс

 

Холбоотой мэдээ