Зудтай сумдын малчдаараа орж, нөхцөл байдалтай танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-03 13:27:53

Архангай аймгийн Oнцгой комисс энэ сарын 1-ний өдөр хурaлдлаа. Энэ хурлаар Өгийнуур болон Хашаат суманд гарсан хонины цэцэг өвчний тухай мэдээлэл сонсож, хорио цээрийг цуцлах санал орж ирсэн. Хонины цэцэг өвчний вакциныг хийж дууссаны дараа 21 хоногтоо дахин шинж тэмдэг илрэхгүй бол цуцалдаг. Энэ хугацаа нь хоёрдугаар сарын 11 бөгөөд энэ дуусах хүртэл хорио цээрийг тавихгүй гэдэг шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргалаа. 

Нөгөө талаар Архангай аймгийн өвөлжилтийн тухай мэдээлэл сонсож, улсын онцгой комиссоос аймгийн онцгой комисст өгсөн 100 сая төгрөгөөс 50 гаруй сая төгрөгийг малын цэцэг өвчинд зарцуулсан, үлдсэн 40-өөд сая төгрөгийг өвөлжилт рүү оруулах санал орж ирсэн юм.

Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зудтай байгаа сумдадаа ажиллаж, малчдаараа орж нөхцөл байдалтай нь танилцан, цасны зузаанд бодит дүгнэлт гаргах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон эмийн тусламж үзүүлэх чиглэлээр газар дээр нь ажиллах үүргийг аймгийн ОБГ-ын даргад өгсөн байна. Үүний дагуу Архангай аймгийн зудтай байгаа сумдаар 4 ажлын хэсгийг энэ сарын 6-12-ны хооронд ажиллуулахаар аймгийн онцгой комисс шийдвэрлэлээ. Харин ажлын хэсгийн зардалд 2,9 сая төгрөгийг, эмийн тусламжийн зардалд 1,2 сая гээд нийт 4,1 сая төгрөгийн зардлыг шийдэж өгөв.  

Аймгийн онцгой комиссын дарга Ц.Мөнхнасан, “Улсын онцгой комиссоос өгч байгаа өвс тэжээл эзэндээ хүрч байгаа эсэхийг хянах, малын тарга хүчийг асуух, сумдын аль багуудад илүү цас орж, өвөлжилт хүндэрсэн байгаа эсэх, отор нүүдэл гээд газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг нарийн болгож цаашид ямар арга хэмжээ авч ажиллахыг тодорхой болгож ирнэ” гэсэн үүрэг даалгаврыг ажлын хэсгийнхэнд өгөв.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ