Дарханыхан хотынхоо 54 жилийн ойг тэмдэглэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:23:47

Дархан хот байгуулагдсаны 54 жилийн ойд зориулсан баярын хурал аймгийн Залуучууд театрт болов.

Анх 1961 оны 10 дугаар сарын 17-нд тухайн үеийн “Давхрын өртөө”-нд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ хот гэрэл гэгээ цацрааж гал голомтоо бадраасан түүхтэй. Хүндэтгэлийн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга М.Энхболд, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал болон ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич болон аймгийн үе үеийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцов. Ойн баяраар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж  улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Төрийн дээд шагнал ”Алтан гадас одон”-оор Б.Билэгт, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Д.Баянмөнх, Б.Сэргэлэн, Ж.Эрдэнэчимэг, Эрүүл Мэнд, Спортын яамны “жуух бичиг”-ээр Н.Цасчихэр, Ж.Хүрэлбаатар, А.Мөнхцэцэг нар тус тус шагнуулав. Түүнчлэн аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дархан сумын 30 иргэнийг шагнасныг гардууллаа.

                            “Дархан хотын бүтээн байгуулалт-54” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Дархан хотын хөгжлийн 54 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн “Залуучууд” театрт нээгдэв. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга М.Энхболд нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлаг албадын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Дархан хотын бүтээн байгуулалт” үзэсгэлэнд 2013-2015 онуудад тус аймагт шинээр хийж бүтээсэн бүтээн байгуулалтын ололт амжилтуудыг фото зургаар дэлгэн тавьсан нь үзэсгэлэнгийн хамгийн шинэлэг хэсэг байв.

Түүнчлэн тус аймгийн түүхэнд тэмдэглэгдсэн томоохон бүтээн байгуулалт, ирсэн хүндэт зочид, хотыг бүтээн байгууцлалцсан ах дүү зургаан орны тухайн үеийн тусламж дэмжлэгийг тод томруун харуулсан түүхэн гэрэл зургууд байраа эзлэсэн байсан юм. Үзэсгэлэн тус театрт гурван хоног байрлах аж.

                                 “Дарханы мэдээ” сонин анханы дугаараа уншигчдад хүргэлээ

Дархан хотын 54 жилийн ойн босгон дээр “Дарханы мэдээ” сонин шинээр мэндлэв. Аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл Технологийн албанаас эрхлэн гаргаж байгаа уг сонины анханы дугаар хотын мэндэлсэн өдөрт зориулсан баярын хурлын үеэр уншигчдын гарт очлоо. Уг сонин нь аймаг, орон нутагт өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээллийг аймгийнхаа нийт иргэдэд хүргэх зорилготой гэж сонины редакцийн өгүүлэлд дурджээ. Энэ сонин гарснаар аймгийнхаа иргэдийн санаа бодол, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар тогтмол мэдээлж мөн тогтмол хугацаанд гаргаж байхаар болсон байна.

Аймгийн Мэдээлэл Технологийн алба нь хэдийгээр аймгийн ЗДТГ-т байрлаж ажилладаг ч ажиллаж байгаа мэдээллийн ажилтнууд нь төрийн албан хаагч бус төдийгүй уг алба төрийн захиргааны албан хаагчдад тооцогдодгүй, төрөөс санхүүжилт авдаггүй, аж ахуйн тооцоон дээр ажилладаг байгууллага юм байна.   

                   Хотын өдрөөр нярайлсан эхчүүдэд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлэв

Дархан хотын өдрөөр мэндэлсэн зургаан хүүхэд болон түүний ээжүүдэд аймгийн Засаг дарга М.Энхболд баяр хүргэж Дархан хотынхоо нэр алдрыг дуурсгасан сайн иргэн болохыг ерөөж гарын бэлэг гардуулав. Аймгийн Засаг дарга Дархан хот байгуулагдсаны ойн өдрөөр мэндэлсэн бяцхан иргэдэд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Дархан хот байгуулагдсаны 54 жилийн ойн баярын өдөр аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн Төрөх тасагт зургаан эх амаржиж гурван охин, гурван хүү мэндэлсэн байна. Эдгээр эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэж тус тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Сэлэнгэ хэлэв.

Түүнчлэн аймгийн Засаг дарга уг Төрөх тасагт ажиллах үеэрээ энэ сарын12-нд мэндэлсэн хоёр ихэр хүү,охины ээжид хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.         

                              "Дархан хот”-ыг барьж байгуулсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Дархан-Уул аймгийн төв Дархан хотыг барьж байгуулахад гар бие оролцож бүтээн байгуулалцаж явсан ахмадуудыг аймгийн Засаг дарга М.Энхболд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үеэр хотын бүтээн байгуулалтад залуу нас, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж явсан М.Дүгэрээ, Г.Дорж, С.Халимаг,Ш.Ядам нарыг аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан”  тэмдэгээр шагналаа.

1961-1963 онуудад тус хотод Барилгын Цэргийн найман анги ажиллаж тухайн үеийн цэргүүд хотын бүтээн байгуулалтын төлөө нойр хоолоо хасаж зүтгэснээр өнөөгийн сайхан хот сүндэрлэн босч өдрөөс өдөрт өнгөжин тэлж байга тухай ахмад дайчид өгүүлж байв.

  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ