Үл мартагсад

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-01-31 13:34:05

Монгол уран зураг нь тусгаж буй субъектив, сэтгэхүйгээрээ бусад орны дүрслэх урлагаас ялгаатай байдаг. Нөгөө талаар залуу уран бүтээлчдийн хувьд байгаль болон эсвэл өөр ямар нэгэн ахуйн нөхцөлд судалбар хийж, зураг зурахаас илүүтэйгээр урландаа чимээгүй бүгж бүтээл туурвих болсон. Энэ нь магадгүй өөрийн “би”-г танин мэдэх үйл явц байж болох талтай ч нөгөө өнцгөөс харвал хотжилттой холбоотой.

Цаг үе, нийгмийн байдал эрс өөрчлөгдөж буй учир нийгмийн эмзэг сэдвийг хөндсөн, уламжлалт нүүдэлчин ахуй, зан заншил, хөдөө нутгийн бүдгэрсээр буй ч мартаж үл болох соёлыг дүрсэлсэн бүтээлүүдийн цуваа тасрахгүй байгаа нь сайн хэрэг.

Гэвч Монголчуудын дийлэнх нь абстракт зургийг таашааж, төдийлөн сайнаар хүлээн авахгүй байгаа нь илт. Өнгө, дүрсээр тэд тоглож чаддаг. Үүнийг бүгд мэдэх боловч нөгөөтэйгүүр дэлхийн агуу их бүтээгчид ч дүрсийг задаргаанд оруулж, орчин үеийн абстракт зургийн хэллэг, дүрсжилттэй нийтгэж чаддаг гэдгийг мартаж болохгүй. Хэдийгээр баруунд хөгжсөн урлагийн чиглэл ч гэлээ хүн төрөлхтний сэтгэхүйн бүтээл учраас хэн ч түүгээр дагнан хичээллэж, өөрийн авьяас чадвараа нээж болно.  

Нүүдэлчид манан дунд бүртэлзсээр бараа тасран холдох шиг өдөр ирэх тусам залуусын оюун сэтгэхүйгээс гээгдэн тэртээ алсад хоцорч буй өв соёлоо сэргээх гэсэн оролдлогыг зураач Э.Түвшинтөрийн бүтээлүүдээс харж болно.

Тэрээр “Б.Шаравын "Монголын нэг өдөр" зургийг харахад энгийн юм шиг хэрнээ Монголчуудын амьдралыг тэр чигт нь тусгаж чадсанаараа онцлогтой. Үнэхээр гайхалтай бүтээл. Өнөөгийн залуус үндэсний урлагийг хамгаалж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Монголчууд гүн гүнзгий сэтгэхүйтэй улс гэдгийг орчин үеийн залуус ойлгох хэрэгтэй. Өнөө үед монгол зургийг барууныхаас хол хоцорсон хэмээн үздэг. Гэтэл одоо манайхны шүтэн биширч, дууриагаад байгаа тэрхүү урлаг нь одоо монгол зургийн шинжид улам бүр ойртож байна. Үүнээс харахад Монголын дүрслэх урлаг барууны дүрслэх урлагаас хамаагүй хол түрүүлсэн байжээ” хэмээсэн нь өөрийн гэсэн бодол санаа, үзэл хандлагыг хэдийн бий болгож, дотоод сэтгэлийн урлангаа нэгэнт байгуулчихсан хүн юм. Үнэхээр Монголчуудын амьдралын хэв маяг, нүүдэлчдийн ёс заншил нэвт шингэсэн, ардын ухаанаар бүтсэн урлагийн бүтээлүүдийг гадныхан юуны учир өндрөөр үнэлэх болов. Үүнд эргэлзээд байх шалтгаангүй хариулж болно. Монгол хүний чөлөөт сэтгэлгээний онцлог, байгалийг үзэх утга учиргүйн үзэл, нүүдэлчин амьдралын онцгой хэв маягт гол утга учир агуулагдаж буй юм.

Э.Түвшинтөрийн зурагнуудад хайр татам, насанд хүрээгүй “баатрууд”, өхөөрдөм бяцхан амьтад дүрслэгддэг бол түүний бүтээлийг нэг үгээр “монгол” гэж тодотгож болно. Цонхон цаанаас бойтогны хонхыг гайхан ширтэж буй хүүгийн дүрийг нэгэн бүтээлдээ гаргасан байдаг. Хүүгийн өмссөн малгай, үсний засалтаас монгол хөвүүн гэдгийг шуудхан ойлгоно. Гэтэл үргэлж гуталнаасаа уячихаад жингэнэх тоолонгоор нь өөрөө ч жингэтэл инээж явдаг жаалхүү юуны учир бойтогны хонх хараад айсан мэт хөшиж орхисон байна вэ? Энэ бол өнөөгийн нийгмийн өнгө төрхийг уран зурагт ёгөөдөж харуулсан хэлбэр. Үнэндээ бид өөрсдийн ёс заншлийг үзээд гадны зочдоос ч илүүтэй гайхаж “шок”-нд орчихдог болсон юм биш үү. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гуталны түрийнээс бойтогны хонх зүүхээс илүүтэй өнгө өнгийн тууз хайчлаад уячихдаг болсон.

Үүнээс өгсүүлээд бид эртний сонгодог хэлний зарим үгс, ёс заншил, монгол ахуйгаа өдөр өдрөөр гээсээр буй бөгөөд нэг л мэдэхэд зургаан хана шиг “монгол” гэсэн хоосон нэрнээс өөр зүйл үлдэхгүй болохвий гэсэн айдас хаяанд ирчихжээ. Тиймээс түүний зургуудыг зүгээр нэг хүүхдийн номын чимэглэлд тооцож болохгүй. Зургууд нь бүхэлдээ нийгэмд тохиолдсон асуудлуудыг хурцаар хөндсөн байдаг. Тэрээр хэдхэн сарын өмнө “Өв” үзэсгэлэнгээ гаргаж энэ оны шинэхэн календар урлаж байсныг уншигчид санаж буй биз ээ.

Эх орныхоо үүх түүх, өв соёлыг хадгалан үлдээж, хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх эрхэм үүргийг тэр биелүүлж явна. Нэг ёсондоо мартаж үл болох түүхийн үнэнийг “үл мартагсад”-ын тэргүүн эгнээнд зураач Э.Түвшинтөр гэдэг нэр зайлшгүй бичигдэнэ.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ