Мэргэжил ахиулан суралцах хугацааны цалинг олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-31 12:59:43

Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлж, мэргэшин суралцахад нь дэмжлэг үзүүлэх нэгэн шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид гаргав.

Эмч нар мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах нь хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбар нэн шаардлагатай боловсон хүчнээр хангагдах боломжийг бүрдүүлдэг. Харин ингэж суралцах хугацаанд нь цалинг нь олгож байх талаар ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолд дурьджээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай боловсон хүчнийг дэмжих зорилгоор төгсөлтийн дараах  үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн, мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцагчдын суралцах хугацааны албан тушаалын цалингийн зөрүүг сургалтын хөтөлбөр бүрэн хангагдсан тохиолдолд цалингийн санд нь багтааж үндсэн байгууллагаар нь олгуулж байхыг аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргад  үүрэг болгосон байна.

Харин суралцагч нь мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол захиалагч байгууллагад 5 ба түүнээс дээш жил, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол 3 ба түүнээс дээш жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах талаар гэрээнд тусгана. Гэрээний биелэлтэд аймгийн Эрүүл мэндийн газар хяналт тавьж ажиллах ажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ